АИ-92 бензиний Гаалийн албан татварыг 2024 он хүртэл ТЭГЛЭЛЭЭ
2023.01.25

АИ-92 бензиний Гаалийн албан татварыг 2024 он хүртэл ТЭГЛЭЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  •  Импортоор оруулж байгаа 92 октантай автобензины гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоож, дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
  • ·      УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх санал, дүгнэлтийн төслийг Засгийн газрын хуралдаанаархэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Төсөл санаачлагч төсвийн тогтвортой байдал, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлага, хариуцлагатай байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, Засгийн газрын боловсруулах төсвийн төсөлд олон нийтийн оролцоо, хөндлөнгийн хяналт, төрийн аудитын ажиллах механизмыг тодорхой болгох зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна
  • ·      Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
  • ·      Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.