Ардчилсан намын “Анхан шатаа сонсох цаг”-т 21 аймгийн намын удирдлагууд холбогдлоо.
2010.01.14

Ардчилсан намын “Анхан шатаа сонсох цаг”-т 21 аймгийн намын удирдлагууд холбогдлоо.

Энэхүү арга хэмжээний анхны үйл ажиллагаа 2010 оны 1 дүгээр сарын 14-ны Пүрэв гарагийн 11:00 цагт боллоо. Тус хурлаар 21 аймгийн Ардчилсан намын удирдлагатай утсаар холбогдож мэдээлэл хийж, санал хүсэлтийг нь сонслоо.

Телефон хуралд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ЕНБД Д.Эрдэнэбат болон намын нарийн бичгиййн дарга нар, 21 аймгийн намын ХЭГ-ын дарга, ажилчид оролцлоо. Хурлын эхэнд намын дарга Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн бөгөөд Ардчилсан намаас 2010 онд хэрэгжүүлэх үндсэн 3 зорилгыг танилцууллаа. Үүнд,

  1. 2009 оны 12-р сарын 10-нд эхэлсэн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярыг бүтэн жилийн хугацуаанд үргэлжлүүлэн тэмдэглэх
  2. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчиллын өргөөг босгох
  3. “Ардчилсан нам анхан шатаа сонсох аян” өрнүүлэх гэсэн чиглэлүүдийг танилцууллаа.

Телефон хурлын үеэр аймгийн намын дарга нар төв намын удирдлагуудад өнгөрөгч оны 12-р сарын 11-нд орон даяар зохион байгуулагдсан Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн болон ойн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, нийт нутгаар хүндрээд байгаа өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл авлаа. Хөдөө орон нутагт үүсээд байгаа өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийсний дараа Ардчилсан намын ЕНБД Д.Эрдэнэбат энэ асуудлыг шат шатны байгууллагуудад уламжилахаас гадна, өөрсдийн нөхцөл бололцоондоо тулгуурлан анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. Мөн орон нутагтаа үүсээд байгаа асуудалд шат бүртээ уриалга гарган ажиллахыг хүслээ.

Телефон хуралд оролцсон аймгийн намын удирдлагууд УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэхтэй холбоотойгоор пропорциональ тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг энэ асуудал дээр тууштай хандахыг хүслээ. Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Ержан холбогдож мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Баян-Өлгий аймагт улс төрийн суулт 21 дэх хоногтоо үргэлжилж байна. Өнөөдөр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын АН бүлгийн гишүүд, МАХН-ын гишүүдтэй уулзаж зөвшилцөх гэж байна” хэмээн мэдэгдлээ.
Аймгууд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяраар олон арга хэмжээ зохион байгуулсны дотор аймгийн музейдээ Ардчиллын танхим нээж, Ардчиллын 20 жилийн түүхийн ном хэвлүүлсэн болон цаашид Ардчиллын ордон босгох, залуучууд, эмэгтэйчүүд, малчдад чиглэсэн чуулга уулзалт, тойрон аялал зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.