Х.Баттулга: Өнгөрсөн 20 жилд ардчилал монголчуудын амьсгалах агаар, амьдралын хэвшил, сэтгэлгээний хэв маяг болон төлөвшсөн нь та бүгдийн гавъяа, монголчууд бидний хамтын ололт амжилт билээ
2009.12.14

Х.Баттулга: Өнгөрсөн 20 жилд ардчилал монголчуудын амьсгалах агаар, амьдралын хэвшил, сэтгэлгээний хэв маяг болон төлөвшсөн нь та бүгдийн гавъяа, монголчууд бидний хамтын ололт амжилт билээ

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын хуралд МоАХ-ны дарга Х.Баттулгын хэлсэн үгийг товчлон хүргэж байна.


Цагаан мөр татуулсан цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлэгч журмын олон нөхдөө
Хүндэт зочдоо,

Эртний түүхт монгол эх оронд минь эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал, хөгжлийн өргөн боломжийг авчирсан Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн халуун мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье!

Биднийг ардчилсан, чөлөөт нийгэмтэй золгуулж, сэтгэлгээний болон эдийн засгийн эрх чөлөөгөөр амьсгалах боломжийг тэмцэн олж өгсөн ахмадууд, анхдагчиддаа хязгааргүй баярлаж гүнээ талархаж явдгаа бүгдийн өмнөөс болон хувиасаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Хэдий та бүгдийг өнөөдөр “Ардчиллын партизан” хэмээн дуудах болсон ч сэтгэл зүрх чинь 20 жилийн өмнөх шигээ урам зориг, итгэл найдвар дүүрэн, залуугийн эрч хүчтэйгээ хэвээр байгаа гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Эргэн дурсах, бахархах, баярлах бас харамсах, бодох, сурах зүйлсээр дүүрэн 20 жил асар хурдан өнгөрч, өнөөдөр бид Ардчилсан хувьсгалаар юунд хүрсэн, юуг олж авсан, юуг хийж амжсан бас амжаагүй, чадаагүйгээ дүгнэн дор бүрнээ нэгийг бодон цуглаад байна.

Өнгөрсөн 20 жилд ардчилал монголчуудын амьсгалах агаар, амьдралын хэвшил, сэтгэлгээний хэв маяг болон төлөвшсөн нь та бүгдийн гавъяа, монголчууд бидний хамтын ололт амжилт билээ.

Хараал зүхэл, доромжлол, гутаалт, хов жив цуурхал, урвалт шарвалт, хавчлага, мэхлэлт луйвар ... зүсэн зүйлийн дарамт шахалт, саад бэрхшээлтэй тулгарч байсан ч монголчууд сонгосон замаасаа буцаагүй. Шантраагүй. Ардчилал, чөлөөт зах зээлийн төлөөх үзэл баримтлал, нээлттэй нийгмийн үзэл санаа бидний чигийг заагч байж үүний төлөө цуцалтгүй тэмцсээр ирснийхээ үр шимийг нийт монголчууд 20 жил хүртэж, туурга тусгаар, эрх чөлөө дүүрэн амьдарч байна. Ардчилал бидэнд олон бахархлыг бий болгосон. Чухамдаа ардчиллын жилүүдэд бид монгол хүний үнэ цэнэ, нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж анх удаа Олимпийн аваргатай болж, аврага том ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулах эхлэлийг тавьсаан.
Хэдий хугацааг өнгөрүүлснөө анзаарах ч завгүй явахдаа бидэнд хийж амжаагүй зүйлс хийснээс минь дутахгүй үлджээ. Бид өнөөг хүртэл ардчилалыг эдийн засгийн ололтоор батжуулж, бэхжүүлж чадаагүй явна.

Монголчуудын олонхийнх нь орлого хангалттай бус байгаагаас тусгаар тогтнол, аюулгүй байдал маань хэврэг хэвээрээ байна. Нийгмийн оюун санааг өөрчлөх, улс төрийг ардчилах, ардчилсан институциудыг бэхжүүлэх үйлст бид маш их цаг, хүч зарцуулсан ч Ардчилсан хувьсгалыг анхлан эхлүүлэхдээ зорьж байсан хамгийн том зорилтдоо хүрч чадаагүй байна. “Чинээлэг иргэдтэй, эрх чөлөөтэй” улс байх ариун зорилго маань хэвээрээ ч улс маань ядуурлынхаа төвшнөөр дэлхийн улсууд дотроо сүүл барьж явна. Өрсөлдөх чадвараараа гайхуулж дэлхийн талыг залж, мөнгөний бодлогыг тодорхойлж, санхүүгийн судлыг атгаж асан дээдсийн үр сад өнөөдөр өрсөлдөх чадвараараа дэлхийд 117-рт бичигдэж гундуухан явна. Бид баялагтай хирнээ балагтай амьдралтай улс болон хувирахад ойрхон боллоо.
Өвгөдөөс үлдээсэн асар их баялаг монгол хүн бүрийг хангалуун амьдруулахад хүрэлцэхүйц байхад өнөөдөр “хүн амын 37 хувь нь нэн ядуу гэсэн бүлэгт хамаардаг” гэсэн статистикийн үзүүлэлттэй сууж байна. Баялгийн төвлөрөл, хуваарилалт буруу явагдаж, авлига хээл хахуульд нийгэм хавтгайдаа идэгдсэнээс нийт олон маань бус цөөн тооны уул уурхайн лицензи эзэмшигчид хагартлаа баяжих боллоо. Баялгийн тэгш бус хуваарилалт, шудрага бус хандлагааас үүдэн нийгмийн харилцаанд гажуудал үүсэж байна. Цөөн тооны уул уурхайн эзэд санхүү, стратегийн хувьд давуу байршилд орж төрийн бодлого шийдвэрийг өөрсдийн тусын тулд залж чиглүүлэх хэмжээнд очжээ. Мөнгө, гадаадаас цутгах асар их мөнгөнд дулдуйдсан уурхайн эзэд монголын улс төрийг хутган үймүүлж, сонгуулийг будлиантуулах эхлэлийг тавьж улмаар монгол хүн нэгэн лүүгээ буудах, амь насыг хохироох хэмжээний мөргөлдөөн үүсгэж байна. 7 сарын 1-ний цуст мөргөлдөөн монголын ардчилалд хар толбо, хэзээ ч мартахгүй гашуун санамж болон үлдлээ. Энэ бол ардчилал анхаарч тордож байхгүй бол мөхөж болохын тод жишээ. Энэ бол монголын ардчилал бүрэн бэхжээгүй, хөл дээрээ бат зогсоогүй байгаагийн илрэл.

МоАХ-ны анхны дарга, Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн тунхагласан “Ардчилсан хувьсгалын хоёрдахь шатыг үйлдвэржүүлэлт болгох” уриалга нь ардчиллын анхдагчдын ариун зорилт - монгол хүн бүрийг чинээлэг, хангалуун амьдралтай золгуулах хүслийг гүйцээх, бодит байдал болгох эрмэлзлэл юм. Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой амгалан амьдралтай байх үндсэн нөхцлийг хангахын тулд бид өнөөдрөөс эхлэн үйлдвэржилтийн төлөө тэмцэх ёстой. Эдийн засгийн тусгаар тогтнолоо ханган биелүүлэх, бусдыг царайчилдаггүй, гуйлгачилдаггүй бие даасан санхүү, эдийн засагтай улс болохгүйгээр ардчилал хоосон уриа, тунхагийн шинжтэй хэвээр байсаар байвал улам бүр хэврэгшин, сулрах болно.

Ардчилсан хувьсгал одоо эдийн засагжих хэрэгтэй байна. Монгол хүн бүрийн жаргалант амьдралыг бүтээн цогцлоохын тулд бид гадны сонирхлыг дагалдсан хандлагаар бус өөрсдийнхөө ирээдүйд чиглэсэн, бие даасан бодлогоор үйлдвэрлэл, дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Энэ зам амаргүй байх нь мэдээж. Аз жаргал хийсэж ирдэггүй, түүнийг зөвхөн тэмцэж, хөдөлмөрлөж, сэтгэж чадсан нь олж авдаг юм.
Та бид асар хариуцлагатай түүхэн мөчийн өмнө тулж ирээд байна. Оновол олон бүгдээр жаргалант амьралтай золгох, эс чадваас “баялгийн хараал” гэгчид өртөн баян хоосны ялгаа туйлдаа хүрч доройтон, гадны түүхий эдийн хавсарга орон хэвээр үлдэх гэсэн хоёр зам өмнө минь зурайж байна. Гуравдахь зам гэж байхгүй.

Би яагаад энэ тухай яриад байна вэ гэхээр та бүхний эхлүүлсэн, эрчилж яваа ардчилсан өөрчлөлт маань улам бүр цэцэглэж, үргэлжлэн өнөд оршихын тулд эдийн засгийн чадавхи, хараат бус байдал бидэнд чухлаар шаардагдаж байна. Ингэж байж 1990 онд эхлүүлсэн ардчилсан хувьсгал эрийн цээнд хүрсэн шиг хүрч, эх орон маань хөгжсөн шиг хөгжинэ гэдэг би огт эргэлзэхгүй байна

Ардчилсан хувьсгалын 25, 30 жилийн ойгоор эдийн засгийн бахдам амжилтанд хүрсэн байхын төлөө, аль хорин жилийн өмнөөс зорьж тэмцсэн ариун зорилт- Монгол хүн бүрийг чинээлэг хангалуун амьдруулах хүслээ биелүүлсэн байхын төлөө нэгдэн нягтарцгаая ! Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөндөө хайртай монгол хүн бүр биднийг дэмжин дагах болно.

Та бүхэн монголын ард түмний эрх чөлөөний туг, түүчээ байсан, байх ч болно.
Ардчилсан хувьсгал мандан бадартугай !
Монгол улс минь цэцэглэн хөгжиж, ард түмэн жаргалд хүрэх болтугай !
Эзэн Чингисийн эх нутагт үр удам нь хэнээс ч дутахгүй сайхан амьдрах болно оо !

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.