“Ардчиллын өргөө”-ний шав тавих ёслол боллоо
Ардчилсан хувьсгалын түүхэнд тод томруунаар бичигдэх нэгэн түүхэн үйл явдал бол 2000 оны 12-р сарын 6-ны өдөр таван нам нэгдэж, Ардчилсан нам байгуулагдсан бөгөөд энэ түүхт өдрийг сонгон Ардчилсан намын шилэн байрны суурин дээр баригдах “Ардчиллын өргөө”-ний шав тавих ёслол өчигдөр боллоо.
Ардчиллын өргөө цогцолборыг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулан 20 давхар байхаар төлөвлөсөн бөгөөд шилдэг зураг төсөл, эскизийн уралдаанд шалгарсан загвараар барих аж.
Ёслолд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, ЕНБД Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, З.Энхболд, П.Алтангэрэл, С.Эрдэнэ, Ардчилсан намын ҮЗХ-ын гишүүд, Дүүргийн АН-ын дарга нар болон гишүүд дэмжигчид оролцлоо.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг шав тавих ёслол дээр хэлсэн үгэндээ “Ардчиллын өргөө бол олон нийтэд нээлттэй байх бөгөөд Ард түмний өргөө байх болно” гэж онцолсон юм.
“Ардчиллын өргөө”-ний шилдэг зураг төслийн уралдаанд шалгарсан "Baldan’s" компанийхан Ардчиллын өргөөг 20 давхар 27,780 мкв талбайтай байхаар төлөвлөсөн байна. Цогцолбор барилга нь А, Б гэсэн үндсэн 2 блокоос бүрдэх бөгөөд олон нийтийн хэсэг нь 5 давхар, 20 давхар офисийн цамхаг нь 120 метр өндөр, техникийн давхар, хүндэтгэлийн “Пирамид” танхимаар төгсөх ажээ.