УИХ дах АН-ын бүлэг хуралдалаа
УИХ дахь АН-ын бүлгийн 2009 оны 11- р сарын 09-ны өдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудал авч хэлэлцлээ. Орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэл сэдвээр Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Дашдорж мэдээлэл хийлээ.
Орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлийн талаарх асуудлыг авч хэлэлцээд орон нутагт эрх мэдлийг хэрхэн хуваарилах, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хэрхэн хангах, хөрөнгө оруулалтыг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ? гээд маш олон асуудлыг хөндлөө.
Бүлгийн гишүүд МАХН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцсоны үндсэн дээр орон нутгийн төсвийн тухай шинэ хуулийн төсөл санаачлах нь зүйтэй гэж үзлээ. Бүлгийн ээлжит хуралдаанаар улс орны хөгжлийн тодорхой асуудлуудаар гишүүдийнхээ бэлтгэсэн танилцуулгийг сонсож байхаар тохирсон. Тиймээс ирэх бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр мах, сүү, сүүн бүтээгдэхүүний талаар, мөн хотын хөгжил, дэд бүтцийн асуудлаар, Зам тээвэр , барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар танилцуулга хийнэ.
Мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийг хэлэлцээд одоо журмаар зохицуулагдаж буй харилцааг хуулиар зохицуулах нь зөв юм гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдэв. Төрийн захиргааны төв байгууллагаас хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл олгохоор уг төсөлд тусгагдсаныг мэргэжлийн байгууллагад /төрийн бус байгууллага/ шилжүүлэх байдлаар өөрчлөх шаардлагатай гэсэн зарчмын санал гарч дэмжигдлээ. Энэ саналаа байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг бүлгийн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын нэгтггэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг үдээс хойш хуралдлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны хэвлэлийн хэсэг