Ноос, сүүний урамшууллаасаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ суутгуулах талаар хуулийн төсөлд тусгасан
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Уг хуулийн төсөлд төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөх зохицуулалтыг тусгажээ.
Тус хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Туваан "Эрүүл мэндийн даатгалыг албан журмаар төлж байгаа. Монгол Улсын иргэн бүр заавал төлөх ёстой гэсэн утгатай. Хэмжээ нь бага. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг. Харин нийгмийн даатгал бол сайн дурын үндсэн дээр даатгагдаж байгаа.
Хуулийн төслийн хувьд иргэдээс сайн дурын үндсэн дээр зөвшөөрөл авч байж, зөвшөөрсөн тохиолдолд шимтгэл авах агуулгатай.
Малчдын хувьд эрүүл мэндийн даатгалд хамрагдалт 30 орчим хувьтай байна. Хэдийгээр эрүүл мэндийн даатгал албан журмынх, төлөх хэмжээ нь бага ч гэсэн хамрагдалт ийм бага байгаа. Хууль хэрэгжээд эхлэхээр урамшуулал авч байгаа иргэн бүр төлөх боломжтой нөхцөл бүрдэх учраас эрүүл мэндийн даатгалын төлөлт 90 хувьд хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд 17 хувьтай байж байгаад төрөөс уг шимтгэлийг нөхөн тооцох гэдэг хуулийг гаргаад нэг жилийн хугацаа баталсан. Иргэдийн хүсэлтээр дахин нэг жил сунгасан боловч нийгмийн даатгалын шимтгэл малчдын хувьд 20 хувьтай байгаа.
Энэ хуулийн төсөл батлагдвал хоёр сангийн орлого мэдэгдэхүйц байдлаар нэмэгдэнэ. Урамшуулал авдаг иргэд бэлэн мөнгөний орлогыг тогтмол сар бүр олдоггүй, мэдээллээс хол амьдардаг учраас хамрагдалт бага байгаа юм. Цахим бодлогын хүрээнд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр байхгүй болсон. Регистрийн дугаараа хэлээд төлөлтөө хардаг болсон. Тэгэхээр урамшууллаас шимтгэл авахыг зөвшөөрвөл автоматаар төлөгдөнө.
Малчид хуулиараа эрэгтэй 55, эмэгтэй 50 нас гээд хамгийн хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаагаар тэтгэвэрт гарах боломжтой боловч шимтгэлээ төлөхгүй учраас хойшилдог" гэлээ.