“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022612.13) хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулав.
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн албан бичгээр 2016 онд баталсан “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай саналыг ирүүлсэн байна. Улсын Их Хурлын 2016 оны тавдугаар сарын 13-ны өдөр баталсан 42 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Ерөнхий шүүгч 25, шүүгч 118, нийт 143, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ерөнхий шүүгч 1, шүүгч 15, нийт 16, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 9, шүүгч 93, нийт 102, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 9, шүүгч 79, нийт 88, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 22, шүүгч 82, нийт 104, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 21, шүүгч 99, нийт 120, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч 21, шүүгч 66, нийт 87, сум дундын шүүхэд Ерөнхий шүүгч 8, шүүгч 31, нийт 39 байхаар заасан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 699 шүүгч ажиллахаар тогтоосон. Өнөөдрийн байдлаар 486 шүүгч ажиллаж байгаа буюу 203 шүүгч дутуу ажиллаж байна.
Шүүхийн ернхий зөвлөлөөс шүүгчийн ажлын ачааллыг судлах зорилгоор 2017-2021 он буюу таван жилийн улсын хэмжээнд шүүн таслах ажиллагааны тоон мэдээнд үндэслэсэн судалгаа хийжээ. Үүний дүнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн ачаалал бусад шүүхүүдийн ачааллаас өндөр байгаа ч орон тооны дутагдалтай гэсэн дүн гарсан байна. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүх хүлээн авсан нийт эрүү, иргэн, захиргааны хэргийн 60-65 хувь, шийдвэрлэсэн хэргийн 50-58 хувийг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүд шийдвэрлэдэг гэсэн судалгааны дүн гарсан бөгөөд энэ тоо жил тутам нэмэгдэж байгааг мөн дурдсан.
Тухайлбал, Улсын Их Хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 17 байхаар тогтоосныг 27, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 16 байхаар тогтоосныг 21, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 11 байхаар тогтоосныг 19, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн орон тоо 14 байхаар тогтоосныг 20, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 15 байхаар тогтоосныг 21 болгон нэмэгдүүлэх шаардлага байгааг судалгааны дүнгээр тодорхойлжээ.
Иймд зарим аймгийн сум дундын Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүх, зарим суман дахь Сум дундын шүүхийн шүүгчийн сул байгаа орон тоог хасаж, ачаалал ихтэй байгаа нийслэлийн зарим дүүргийн шүүхэд нэмэх байдлаар ачааллыг бууруулах боломжтой хэмээн үзсэн байна. Шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлснээр хэргийг шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэх төдийгүй иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд бодит үр дүн үзүүлнэ гэж үзээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Төсөлд дүүргийн Эрүүгийн, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг 19-өөр нэмэгдүүлж, зарим аймгийн сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, сум дундын шүүгчийн 19 сул орон тоог хасахаар боловсруулжээ. Сул орон тоог шилжүүлж байгаа буюу шүүгчдийн хөдөлгөөн хийгдэхгүй учраас зардал гарахгүй бөгөөд шүүгчийн нийт орон тоо өөрчлөгдөхгүй, шүүгчийг шилжүүлэх, чөлөөлөх асуудал үүсэхгүй юм байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг баримтлан танилцуулж буй Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Л.Мөнхбаатар гишүүн танилцуулав.
“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Б.Энх-Амгалан, нийт шүүгчийн тоо нэмэгдэж байгаа эсэхийг лавлаж, сум дундын шүүхийн орон тоог хасаж байгаа шалтгааны талаар тодруулан ажлын хэсгээс хариулт авлаа.
Улсын Их Хурлын 2016 оны 42 дугаар тогтоолд нийт шүүгчийн тоо 699 байхаар заасан ч өнөөдрийн байдлаар 486 шүүгч ажиллаж байгаа, төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг сул орон тооны хүрээнд хийж байгаа гэх тайлбарыг ажлын хэсэг өгөв. лөө. Төсөвт 524 шүүгч ажиллахаар болох бөгөөд энэ нь улсын хэмжээнд байх ёстой 699 шүүгчийн орон тоонд өөрчлөлт ороогүй гэв. Шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлж байгаа гэх талаар Ц.Мөнх-Оргил гишүүн, шүүгч нарын ачааллын талаарх мэдээллийг Б.Ганбат гишүүн тодруулж, хариулт авсан юм.
Улсын хэмжээнд нийт шүүхийн ачаалал харилцан адилгүй байгааг таван жилийн тоон үзүүлэлт дээр хийсэн судалгааны дүнд тодруулсан гэдгийг ажлын хэсгээс тайлбарлав. Нийт ачааллын 50-60 хувь нь нийслэлийн анхан шатны шүүхүүд дээр байгаа бөгөөд тодруулбал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид 358 хэрэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид 244 хэрэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид 425 хэрэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид 281 хэрэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид 362 хэрэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид 322 хэрэг ноогдож байгаа юм байна. Энэ нь хэтэрсэн ачаалал гэдгийг ажлын хэсэг тайлбарлаад, энэ үндэслэлээр дээрх орон тооны өөрчлөлтийг хийх шаардлагатай хэмээн үзжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаарх саналаа Засгийн газарт хүргүүлээд байгаагаа мөн дуулгав. Иргэний хэргийн анхан шатны шүүх жилд 209 хэрэг шийдвэл хэвийн ачаалал гэж үзэх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн нэг шүүгч жилд 358 хэрэг дээр ажиллаж байгааг тоон мэдээллээс тодруулсан. Иймээс орон нутагт байгаа шүүгчийн сул орон тоонуудаа дүүрэг рүү шилжүүлэх байдлаар ачааллыг тэнцвэржүүлэхээр санал оруулсан гэв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нар нийслэлийн дүүргүүдийн шүүхийн орон тоог нэмэгдүүлэхэд байр, ажлын орчин нөхцөлийг шийдвэрлэх боломжтой эсэхийг, нийт шүүгчийн орон тоог бүрдүүлэхэд анхаарч ажиллаж буй эсэхийг тодруулж, хариулт авлаа.
Шүүхүүдийн байр, шүүгчдийн ажлын орчин нөхцөл тун амаргүй байгааг ажлын хэсэг тайлбарлаад, холбогдох тоон мэдээллүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан. Ийнхүү гишүүд Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн юм. Ингээд Байнгын хорооны гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулахыг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Ш.Раднаасэд гишүүн ажлын хэсгийн танилцуулгыг хийв. Тус ажлын хэсгийг Ш.Раднаасэд гишүүн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар ажилласан байна. Ажлын хэсэг хуралдаж, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх Байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн саналуудыг анхаарч хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Мөн ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон найруулгын саналаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Байнгын хорооны хуралдаан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоол баталлаа
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороо явууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2022 оны арван хоёдугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны 2021 оны 2 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт төслийг бэлтгэжээ.
Ж.Сүхбаатар гишүүний танилцуулсан ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм