Дархан-Уул аймагт Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо үүсэж хөгжсөн 60 жилийн ойн баярын хурал боллоо
Дархан-Уул аймагт Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо үүсэж хөгжсөн 60 жилийн ойн баярын хурал "Нэгдэж ажилласан нэгэн жаран" уриатай эхэллээ.
60 жилийн ойн баярын хурлын нээлтийн үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлсэн үгэндээ "Тэртээ 1962 онд/Дархан хотыг бүтээн байгуулахад үйлдвэрчний эвлэлийн байгууллага манлайлан оролцож, өнөөдрийн Дархан-Уул аймаг цэцэглэн хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Дархан хот бол Монголын Улсын томоохон хотуудын нэг бөгөөд баялаг бүтээгчдийн цомирлог болсон хөдөлмөрчдийн өлгий нутаг гэдгийг бид андахгүй сайн мэднэ. Тэнвэл Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоо нь өнөөгийн мэргэшсэн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон хөгжихдөө нийт олон мянган гишүүдийнхээ хөдөлмөрийн хүрээний эрх ашгийг тууштай хамгаалан ажиллаж, ҮЭ-ийн байгууллагын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласныг энэхүү ойн баярын хуралд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоо нь бусад аймгийн ҮЭ-ийн холбоодыг манлайлан ажиллаж МҮЭ-ийн холбооны "Шилдэг тэргүүний аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо"-гоор хоёр удаа шалгарч байсан шилдэг холбоодын нэг юм. Иймд Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны үүслийн галыг бадрааж, хөгжил дагуулсан түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад зүтгэлтэн, аппаратын ажилтан, идэвхтэн, сонгуультан эгэл олон гишүүд, нутгийн удирдлага, ажил олгогчид та бүхэндээ Дархан-Уул аймагт нэгдэж ажилласан нэгэн жаран хэмээх түүхт 60 жилийн ойн халуун баярын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье" гэв.
Мөн үеэр Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Х.Батжаргал Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтын түүхийн эзэд найрамдлаар овоглосон Дархан хот, Дарханы Үйлдвэрчний эвлэлийг дархлан бүтээлцсэн эдүгээ ч бүтээн байгуулж яваа мянга мянган эгэл жирийн иргэд хөдөлмөрчид, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилтан, сонгуультан, ахмадууд болон нийгмийн түншлэгч талууд хамтран ажилладаг байгууллагууддаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Энэхүү байгууллагын түүхийг зохиогчид нь хөдөлмөрчид /ажилчид/ бөгөөд бидний өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээнд оршиж үе үеийн эвлэлдэн нэгдсэн гишүүд, хөдөлмөрчид тэднийг удирдан зохион байгуулагч ҮЭ-ийн ажилтан, сонгуультны уйгагуй, шаргуу хөдөлмөр, санал, санаачлага, идэвхи зүтгэлийн үр дүн билээ. МҮЭ-ийн томоохон гишүүн байгууллагын хувьд Дархан-Уул аймгийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, түүний ажилтан, идэвхтэн сонгуултнууд нь үндэсний хэмжээнд үйлдвэрчний эвлэлийн эв нэгдэл, зохион байгуулалт, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрчний эвлэлийн олон талт ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгоход өөрийн өнгө төрхтэй хувь нэмрээ оруулсаар ирснийг энэ түүхэн мөчид тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Дарханы үйлдвэрчний эвлэлийн нэгэн жаран бол бурхантын хөндийд буй болгосон Монголын аж үйлдвэрийн орчин үеийн дэвшил тулгын чулууг өрөлцөж улс орны минь өнцөг булан бүрээс илгээлтээр ирсэн эздийн арвин их түүх юм. Хөдөлмөрийн хүний төлөө хувь заяагаа холбож хөдөлмөр тэмцлийн өнгөрсөн эдүгээгийн түүх болон үргэлжилж байна. Бурхантын хөндийд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн нийт гишүүд, хөдөлмөрчид, манай бүх шатны байгууллагад сонгууль томилолтоор ажиллаж байгаа үйлдвэрчний эвлэлийн ажилтан, идэвхтэн, сонгуультнууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх сайн сайхныг ерөөе" гэж хэллээ.
Дархан-Уул аймгийн Засаг Дарга Б.Азжаргал " Бурхантын хөндийд XX зууны томоохон бүтээн байгуулалтын нэг болох найрамдлын Дархан хотыг цогцлоон байгуулах, илгээлтийн эздийн үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжих үйлсэд тухайн үеийн ҮЭ-ийн байгууллага нь хамгийн их хувь нэмэр оруулсан түүхтэй.
ҮЭ-ийн байгууллага нь Дархан хотын үүсэл хөгжлөөс өнөөг хүртэл хуульд заасан эрх үүргийнхээ дагуу хөдөлмөрийн хамт олны эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох, эрүүл аюулгүй ажлын байрыг нэмэгдүүлэх, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, сургаж чадавхжуулах, ажиллагсдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хандлага төлөвшлийг дээшлүүлэх үйлсэд төр захиргааны байгууллагуудтайгаа хамтран, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн.
Нийгмийн түншлэлийн хүрээнд төрийн байгууллага, ажил олгогч эздийн холбоотой хамтран гурван талт хэлэлцээр байгуулан хэрэгжүүлэх, иргэд хөдөлмөрчдийн суурь эрхийг хангах чиглэлээр комисс зөвлөлийн хүрээнд хамтын шийдвэр гарган ажиллах бидний үйл ажиллагааны оролцоо жилээс жилд өргөжин тэлж, үр дүнд хүрч байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Шинэ зууны иргэдийн хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байгаа үйлдвэрчин түиний цагаан мөртэй гэгээн үйлсэд амжилт хүсч аз жаргалын дээдийг хүсэн ерөөе" хэмээв.
Ойн баярын хүндэтгэлийн концертод Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын идэвхтэн гишүүд, сонгуультнууд урлагийн номер бүхий Монгол бүжиг хамтлаг дуу, гоцлол дууны төрлөөр ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хурлын танхимын дэлгэцээр Дархан хотын өв түүхийн гэрч баримтад кино, МҮЭ-ийн холбоо, Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны удирдлага, ахмад зүтгэлтнүүдийн дурсамж яриа дүрст мэндчилгээг дэвшүүлж, ҮЭ-ийн ахмад зүтгэлтнүүдийн ололт амжилт алдаа оноо бүхий чин сэтгэлийн дурсамж яриа бүхий сургамжит үг хэлсэн юм.
Үргэлжлүүлэн Дархан хот, Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны үүсэл хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн мөр зэрэгцэн зүтгэж яваа хөдөлмөрийн сайчууд 30 гаруй идэвхтэн зүтгэлтэн сонгуультан ҮЭ-ийн гишүүдийг шагнаж урамшуулсанаар Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоо үүсэж хөгжсөн 60 жилийн ой, нэгдэж ажилласан нэгэн жаран баярын хүндэтгэлийн хурал төгссөн юм.