БГД-ийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөс “Love and date” өдөрлөг зохион байгуулжээ
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-өөс байгууллагын албан хаагчдын сэтгэл зүй, гэр бүлийн харилцаанд үнэ цэнэ нэмэгдүүлэх зорилгоор “FAMILY LIFE” байгууллагатай хамтран “love and date” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг хамтран зохион байгуулсан “FAMILY LIFE” нь АНУ-д үүсгэн байгуулагдсан 40 жилийн туршлагатай, гэр бүлийн тогтовортой байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.
Өнөөдрийн үйл ажиллагааг нээж Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ:
“Эрхэм хамт олон, албан хаагч, хамтран зүтгэгчдийнхээ гэр бүлийнхэнтэй энэ өдөр уулзаж, ээлжит сургалтаа зохион байгуулж байгаадаа баяртай байна.
Гэр бүл гэдэг амьдралын туршид асар олон даваа нугачааг хамт туулдаг. Тэгвэл бид албан хаагчиддаа гэр бүлд тулгамддаг олон олон асуудлыг хэрхэн үр дүнтэй даван туулах чиглэлд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой өнөөдрийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний хамт олны ажиллаж буй орчин нөхцөлтэй танилцан, халуун дотноор нэг өдрийг хамт өнгөрүүлэхээр ирсэн албан хаагчдынхаа гэр бүлийнхэнд, энэ боломжийг бүрдүүлдсэн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, хамтрагч байгууллагадаа талархал илэрхийлээд энэхүү үйл ажиллагаа нээснийг мэдэгдье” гэв.
Өдөрлөгийн үеэр сургагч багш нар оролцогчдыг гэр бүлийн эрүүл харилцааг хэрхэн урт удаан хугацаанд хадгалж, хамгаалах боломжтой талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, ХАЙРЫН ТАВАН ХЭЛ-ний тестээр оношлон, хойшид хосын харилцаандаа амжилттай хэрэгжүүлэх аргачлалыг зааж өглөө.
Түүнчлэн залуу менторууд хосын харилцаа эхлэх үе, гэрлэлтийн дараах нөхцөл байдалд эхнэр, нөхрийн харилцаа хандлагад ямар өөрчлөлт гарч, ямар асуудлууд тулгардаг талаарх бодит кэйсийг хуваалцан, одоо өөрсдийн харилцааг “эрүүлээр” хадгалахад хэрхэн суралцаж, хамт хөгжиж буй тухай арга туршлагаас хуваалцсан нь залуу хосуудад үлгэр дуурайл үзүүлэхүйц үр дүнтэй сургалт болсон.
Мөн энэ үеэр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Даваажаргал байгууллагын дотоод журамд заасны дагуу Баянгол дүүргийн ИТХ-ын байгууллагад /төрийн албанд/ тогтовор суурьшилтай 5-аас дээш жил ажиллаж буй Мэдээлэл технологийн асуудал хариуцсан ажилтан Д.Баасандамбад тодорхой урамшуулал олгохоор шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдсэн юм
Ийнхүү дүүргийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон нэгэн өдрийг халуун дулаан уур амьсгал дүүрэн, баяр хөөртэй өнгөрүүллээ.