2025.02.10

Н.Алтаншагай: Гэр бүлийн хуульд тээгч эх, өв залгамжлал, үр шилжүүлэн суулгах асуудлыг тусгахаар судалж байна

Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж бөгөөд тэдний  эрүүл, аз жаргалтай, амжилттай амьдрах нөхцөл нь улс орны нийт хөгжлийн чухал нэг хэсэг болдог.

Атал статистик мэдээллээс харахад манай улсад жил бүр 4,000-4,500 орчим гэр бүл салж байгаа нь тогтмол үзүүлэлт болжээ. Сануулахад энэ зөвхөн гэрлэлтээ бүртгүүлсэн хосуудын салж байгаа тоо. Батлуулаагүй хэр нь салсан тохиолдол үүнээс давахыг ч үгүйсгэхгүй. 

Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан тайланд судалгаанд оролцогчдын 74.1 хувь цалин хөлсгүй хөдөлмөр буюу гэртээ хүүхдээ харах, гэрээ цэвэрлэх, ахмадыг асрах, хоол хийх гэх мэт зүйлсийг эхнэрүүд буюу эмэгтэйчүүд хийдэг гэж хариулжээ.

Тэгвэл нөхрүүд 5.6 хувийн үзүүлэлттэйгээр цалин хөлсгүй хөдөлмөр эрхэлдэг хэмээн хариулсан байна. Үүнээс харахад гэр бүл дэх гишүүдийн оролцоо асар ялгаатайн дээр салах томоохон шалтгаан болж байгааг дурдаж буй. 

Иймд Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай ахалж байгаа билээ. 

Түүний ахалж буй ажлын хэсэг УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслөө хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй. 

Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд 6 дахь ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа нь энэ. 

Н.Алтаншагай гишүүн хэлэхдээ “Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хуралдаанаар нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага, Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл сонсож, асуулт асуулаа. Мөн тэрбээр нийгмийн өөрчлөлтийг дагаж тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг асуудлыг ажлын хэсгээс нарийвчлан судалж байгаа” талаар онцлов. 

Тэгвэл гэр бүл судлаачид тус хуралдаанд оролцож, орон нутгийн 1200 өрх, нийслэлийн 816 өрхийг хамруулан 2004, 2010 оны суурь судалгаатай харьцуулан судалсан талаараа мэдээлэв. Нийт судалгаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 639 буюу 31.6 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг байдлаар өртсөн гэж хариулсан байна. Харин хүчирхийллийн хохирогчдын 239 буюу 37.4 хувь нь эрэгтэй, 400 буюу 62.6 хувь нь эмэгтэй байна. 

Түүнчлэн Орчин үеийн гэр бүлийн хувьд зөрчлийн үндсэн шалтгаан нь санхүүгийн байдал, согтууруулах ундааны хэрэглээ, хүүхдийн асуудал, өр зээл, үзэл бодлын зөрчлөөс үүдсэн гэсэн судалгаа гарчээ. Гэр бүлийн гишүүдээр нь харьцуулбал, ихэвчлэн эхнэр-нөхрийн, эцэг, эх болон хүүхдүүд , хадмууд болон хүргэн/бэрүүдийн  хооронд үүсдэг гэсэн дүгнэлт гарсан” гэв.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-НараГэр бүл салахад нөлөөлөгч гуравдагч этгээдийн асуудлыг хуулиар зохицуулахаас өөр аргагүй болснийг нийгэм даяараа мэдэж байгаа” гэсэн юм. Тиймээс түүний гаргасан саналыг хуулийн хүрээнд нарийвчлан судалж байгаа аж. 

Харин хуульч, өмгөөлөгчдийн зүгээс гуравдагч этгээд буюу нууц амрагийн асуудлыг хуульд хатуу тусгаж, өндөр торгуультай болгох шаардлагатай гэдгийг хэлсээр байна. 


Зарим улсад нууц амрагийн харилцаа нь гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх, торгох, эсвэл гэрлэлтээс салгах зэрэг арга хэмжээг авдаг аж. Үүнд, Саудын Араб, Индонез, Пакистан Египет, Тайланд улсад хамаарах юм. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn