Ж.Хунан: Улсын төсөв хүний наад захын хэрэгцээ болон төрийн үйлчилгээг хүргэхэд тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх учиртай
ХЭҮК-ын дарга Ж.Хунан “Зариг.мн” сайт болон “TV5 телевиз”-д өгсөн тодруулга ярилцлагыг хүргэж байна.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. ХЭҮК-ын төсвийг хангалттай хэмжээнд батлаж өгч чаддаг уу. Нөгөөтээгүүр, сүүлийн жилүүдэд хүний эрх зөрчсөн үйлдэл цөөнгүй гарах боллоо. Үүнд Комиссын зүгээс тэр бүр хүрч ажиллаж чадахгүй байгаа зүйл ажиглагдсан?
-ХЭҮК нь Комиссын шинэчилсэн хуулиар Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн, Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал эрхэлсэн гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн гэсэн гурван механизмтай болсон. Үүнтэй холбоотойгоор Комиссын төсөв үе шаттайгаар нэмэгдэж байна. Өнгөрсөн 2021 онд 1.4 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан.
Харин 2022 онд 3.2 тэрбум төгрөгөөр батлагдсан боловч төсвийн тодотголоор 2.7 тэрбум болж буурсан.
Ирэх 2023 оны төсвийг Комиссын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй, ил тод байхад бүрэн чиглүүлэх үүднээс төсвөө 4.5 тэрбум төгрөгөөр боловсруулсан. Яг одоогоор Сангийн яаман дээр төсөв хасна гэдэг зүйл яригдаагүй байна. Цар тахлын улмаас улс орны эдийн засаг саарч, хумигдсан ч гэлээ улсын төсөв бол хүний эрхэд суурилсан байх ёстой. Нэг үгээр хэлбэл, хүний наад захын хэрэгцээ болон төрийн үйлчилгээ хүргэхэд тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх учиртай юм.
-Бусдыг ялгаварлан гадуурхдаг, тэгш бусаар ханддаг асуудалд ХЭҮК-ын оролцоо бага байгаа юм шиг зүйл ажиглагддаг. Иргэдэд тулгамдаж буй асуудлуудад хүрч ажиллахад ямар саад бэрхшээл тулгамдаж байна вэ?
-Тухайн орон нутагт хүний эрхийн зөрчил гарсан тохиолдолд Комиссыг мэдээллээр хангах чиг үүрэгтэй нэг, нэг алба хаагчийг Монгол Улсын 21 аймагт 2014 оноос хойш ажиллуулж байна. Эдгээр алба хаагч нь сумдад, ялангуяа алслагдсан сумдад хүрч ажиллах зардал мөнгийг нь төсөвт огт тусгаж өгч байгаагүй.
Тиймээс энэ жилээс эхлэн Комисс төсөвтөө багтааж, төсөв хуваарилахаар болсон. Энэ утгаараа ахиц гарах байх гэсэн хүлээлт бий. Хүний эрхийн зөрчил гарч байгаа нь нэг талаасаа сайн зүйл.
Яагаад гэвэл, өмнө нь хүний эрх зөрчигдсөн асуудал нуугдмал байсан. Дагаад иргэдийн зүгээс “Тэгж болдог юм байна”, Байх л зүйл” гэх мэтээр хүлээж авч ойлгодог байсан. Гэтэл нийгмийн хөгжлийг дагаад “Хүний эрх зөрчсөн байна”, “Ингэж болохгүй” гэдгийг ард иргэд ойлгож, ач холбогдол өгч анхаардаг болсон.
Ялангуяа сэтгүүлчид энэ асуудлыг хөндөж байгаа нь маш сайн зүйл. Тиймээс хууль сахиулах байгууллага болон хүний эрхийн чиглэлийн байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, иргэдэд хүрэлцээтэй болох ёстой.
Би түрүүн хэлсэн.
ХЭҮК хүний эрхийн гурван шинэ механизмтай болсон гэж. Комиссын зүгээс эдгээр механизмын үйл ажиллагааг бэхжүүлж, иргэдэд хүрэлцээтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Дээр нь хүүхдийн эрх хамгаалах үүднээс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн эрхийн хууль зүйн хороодод хяналт, шалгалт хийж байна.
Мөн ЕБС-ийн дотуур байруудад хяналт, шалгалт хийж байна. Эдгээр хяналт, шалгалтын бүх мэдээлэл 2022 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгагдана.
-Он гарснаас хойш ХЭҮК-т ихэвчлэн ямар төрлийн гомдол ирж байна вэ?
-Комисст хандаж, гомдол гаргадаг иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Ялангуяа цар тахлын үед хамгийн өндөр байсан. Эдгээр дундаас хөдөлмөрлөх эрх, ажлын байран дахь бэлгийн дарамт, цалин хөлс, халамж, шударга шүүхтэй холбоотой гомдол ихэвчлэн ирдэг.