“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төслүүд"-ийг идэвхжүүлэхэд урьдчилан туслах шаардлагатай байгаа талаар Японы Засгийн газарт уламжлахыг хүслээ
2022.10.14

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төслүүд"-ийг идэвхжүүлэхэд урьдчилан туслах шаардлагатай байгаа талаар Японы Засгийн газарт уламжлахыг хүслээ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюуки, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага JICA Mongolia (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын шинэ дарга Танака Шиничи, холбогдох ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ой, Жайка байгууллага манай улстай хамтарч ажилласны 25 жилийн ой тохиож буйг онцлоод Монгол Улс болон Япон Улс-Жайка-ын хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж манай улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

Энэ үеэр Жайка-аас манай улстай хамтран хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн товч танилцуулгыг сонсож, төвлөрөл, түгжрэлийн эсрэг бодлогын ажлуудынхаа талаар анхаарлаа голлон хандуулж ярилцсан юм.
Нийслэл хотын захиргаанаас дэмжиж буй  Жайка-ын хийсэн судалгаа тооцооны үндсэн дээр шаардлагыг нь тодорхойлсон “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төслүүд"-ийг идэвхжүүлэхэд ТЭЗҮ хийхэд урьдчилан туслах шаардлагатай байгааг онцлон энэ талаар Японы Засгийн газарт уламжлахыг хүслээ.

Япон улсаас нэн хөнгөлттэй удаан хугацааны зээлийг тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд авах нь маш үр ашигтай, өгөөжтэй, найдвартай хөрөнгө оруулалт болдогийг бидний олон жилийн хамтын ажиллагаа бэлхнээ харуулж байгаа билээ.

Бидний хүссэн төслүүдийн ТЭЗҮ -г өөрсдийнх нь нэгэнт хийсэн судалгаа тооцооных нь үндсэн дээр Японы талаар хийлгэчихвэл ЭЗХЯ-д төслүүдийг хэрэгжүүлэх талаар зөвшөөрөл авахад хялбар болох юм. Ингэснээр 2-3 жилийн дараа түгжрэлийн эсрэг бодлогын хүрээнд томоохон уулзварууд, гүүрэн гарц шинээр бий болж замын түгжрэл бодитоор буурна гэж УИХ-ын гишүүн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар онцлов.