"Түгжрэлийн эсрэг нийтээрээ" нээлттэй хэлэлцүүлэг болно
2022.10.13

"Түгжрэлийн эсрэг нийтээрээ" нээлттэй хэлэлцүүлэг болно

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Монгол Улс дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар санал солилцсон юм. Эл уулзалтад "AmCham Mongolia" байгууллагын удирдах зөвлөлийн дарга Жеймс Лиотта, тус байгууллагын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс, Авто тээврийн хорооны гишүүн, “Камминс Монголиа Инвестмент” компанийн Гүйцэтгэх захирал Тони Браун, "Монголын автомашины дистрибьюторуудын ассоциац" ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр нар оролцов. Тус байгууллагын хувьд өмнө нь гаргаж байсан санал санаачилгуудаа товч танилцууллаа.

"АмЧам Монгол" байгууллагын зүгээс нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулахаар төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "АмЧам Монгол" байгууллага, холбогдох судлаач, олон нийтийн төлөөллийг оролцуулан "Түгжрэлийн эсрэг нийтээрээ" нээлттэй хэлэлцүүлэг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов.