“Нийгмийн оролцоог дэмжье” арга хэмжээ боллоо
2022.10.13

“Нийгмийн оролцоог дэмжье” арга хэмжээ боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх асран хамгаалагчдыг  хамруулсан “Нийгмийн оролцоог дэмжье” арга хэмжээг “Төгөл” сувилалд зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй  хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6 заалт, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх асран хамгаалагчдын оролцоог дэмжих, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах, мэдлэг  мэдээллээр хангах зорилтын хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулжээ.

Арга хэмжээнд оролцсон эцэг, эх асран хамгаалагчид

  • Уулын явган алхалт,
  • Бүлгийн зохион байгуулалтад орж өртөөчлөн хууль, эрх зүйн зөвлөгөө
  • Эрүүл мэндийн зөвлөгөө,
  • Гэрийн асаргааны талаарх зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн албан хаагчдаас авсан байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулиар  танин мэдэхүйн АХА зэрэг хөгжөөнт хэд, хэдэн тэмцээнд оролцож, нэг өдрийг жаргал, зовлонгоо хуваалцан нийтлэг тулгамддаг асуудлуудыг хүртэл хэлэлцэн өнгөрүүллээ.

Сонгинохайрхан дүүрэгт 9637 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1012 гаруй хүүхэд байдаг.

Тэдгээр хүүхдүүдийн ард мөн тооноос илүү эцэг, эхчүүдэд нийгмийн олон асуудал тулгамддаг. Тиймээс нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхээр үе шаттайгаар олон ажлыг эхлүүлээд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн асуудал болон, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахаар болсон. Одоогийн байдлаар тус байгууламжийг барих талбайн газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийг 43 хороо тус бүрт шинээр байгуулсан бөгөөд тэдгээр иргэдийн төлөөллөөр дамжуулан нийгмийн асуудлыг шийдвэрлэх юм.

Тус арга хэмжээг ЗДТГ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Гүүд нэйборс олон улсын байгууллагын хамт олон хамтран зохион байгуулжээ.