2022.10.07
“И-БАРИМТ”-ын цаасан хэлбэрийг халж, банкны цахим гүйлгээтэй холбох боломжийг бүрдүүлье
Улсын төсвийн 80 орчим хувийг бүрдүүлдэг гааль, татвар санхүүгийн системийг хариуцан ажиллаж байгаа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв УҮГ-ын удирдлага, албан хаагчидтай уулзаж тус байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.
Тус байгууллагын гардан хэрэгжүүлсэн нэг томоохон ажил бол “И-баримт”-ын систем. Уулзалтын үеэр тус системийг илүү боловсронгуй болгоход чиглэсэн хэд хэдэн санал гарч, хамтран ажиллахаар боллоо.
Тухайлбал,
Худалдан авалт бүртээ цаасан баримт авч утсандаа уншуулах, гараар шивдэг төвөгтэй процессыг цахим хэлбэрт шилжүүлэх, тэр дундаа банкны карт, аппликейшнтэй холбож автоматаар бүртгэгддэг байх боломжийг бүрдүүлэхээр ажиллахаар боллоо.
Монголбанк болон арилжааны банкнуудтай хамтран цаасан баримтыг халж цахим хэлбэрт шилжүүлж чадвал хэрэглэгчийн сонголтоор буюу зөвшөөрлийн үндсэн дээр картын болон шилжүүлгийн гүйлгээг сонгож И-баримт цахим системд шууд бүртгэгдэх тохиргоог хийх боломжтой юм. Тиймээс энэ асуудлаар ойрын хугацаанд дахин уулзаж шийдэл олохоор тохиролцов.
Ингэснээр,
- Цаасны зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй болох;
- Цаг хугацаа хэмнэх, илүү хялбар болох;
- Баримт бүрэн бүртгэгдэх, урамшууллын хэмжээ нэмэгдэх;
- Сугалааны тохирлын боломж нэмэгдэх;
- Далд эдийн засгийг хумих;
- Татварын орлого нэмэгдэх гээд олон эерэг талууд бий болох юм.
Тус уулзалтад
- Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв УҮГ-ын Захирал Т.Батбилэг
- Захиргааны албаны менежер Ө.Энхтөр
- Санхүүгийн цахим мэдээллийн албаны менежер Б.Ууганбаяр
- Систем нэвтрүүлэлтийн албаны менежер Г.Ундрал
- Систем төлөвлөлт, статистикийн албаны менежер Д.Очирпүрэв
- Систем хөгжүүлэлтийн албаны менежер П.Бүрэнтөгс нар оролцлоо.