Арьс ширний салбарыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн зорилттой уялдуулан хөгжүүлнэ
2022.09.19

Арьс ширний салбарыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн зорилттой уялдуулан хөгжүүлнэ

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун арьс шир боловсруулах үйлдвэр, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй  уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Арьс, ширний салбарт 4200 гаруй ажилтан ажиллаж, малын гаралтай түүхий эдийг боловсруулан баялаг бүтээж байна. Гэхдээ энэ салбарт тулгамдаж байгаа олон асуудал байгааг үйлдвэрлэгчид уулзалтын үеэр хэлж байлаа.

Тухайлбал, бага оврын цэвэрлэх төхөөрөмж суурилуулсан үйлдвэрүүдэд бохир усны тарифын өөрчлөлт, хөнгөлөлт хийж өгөх хүсэлтийг онцгойлон тавьсан. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: “Мянга сонсохоор нэг үз гэдэг. Арьс, ширний салбарын үйлдвэрүүдээр явж, үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж, төрийн ямар бодлого дутагдаж байгаа талаар санал солилцож байна. Манай улс дотоодынхоо үйлдвэрлэлийг хөгжүүлж байж л инфляци буурч, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ. Энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тиймээс арьс ширний салбарыг “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан хөгжүүлэх зорилттой ажиллаж байна" гэсэн юм.