“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн талаарх танилцуулга хийлээ
2022.08.25

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн талаарх танилцуулга хийлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барьсан ба Хөдөө аж ахуйн тухай хууль, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж, хуулийн төслийг боловсруулаад байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдаад Хүнсний тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ хийх, эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл, хуулийн төслийг дагалдан гарах хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулахаар Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу Хууль зүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.

Мөн Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмын төслийг боловсруулж, Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмыг сайдын тушаалаар батлуулсан гэв.

Мөн тогтоолын хавсралтаар батлагдсан хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, төлөвлөгөөний дагуу холбогдох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нарийвчилсан төлөвлөгөөний дагуу 2023 онд хийхээр төлөвлөсөн Хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарын 15, Мал аж ахуйн салбарын 10, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний гурав, Газар тариалангийн салбарын 28, Хөнгөн үйлдвэрийн салбарын хоёр, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын дөрөв, Хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрийн судалгаа шинжилгээний тав нийт 67 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 523,108.5 сая төгрөг шаардлагатай байгаагаас урсгал зардлаас 192,833.5 сая төгрөг, хөрөнгө оруулалтаас 151,050.0 сая төгрөг, гадаадын зээл тусламжаас 190,225.0 сая төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн 2023 төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байна.

Тогтоолын төслийн хэрэгжилтийг бодиттой, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Монголбанктай хамтарсан уулзалтыг зохион байгуулан нэг их наядын Засгийн газрын бонд гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна хэмээн З.Мэндсайхан сайд танилцуулгадаа тодотголоо.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn