Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлох эрхийг Австралийн “Leighton Asia” компани авлаа
2009.11.17

Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлох эрхийг Австралийн “Leighton Asia” компани авлаа

Хонконгийн “Монголиа Энержи Корпораци” өөрсдийн хайгуулын ажлын дүнд илрүүлсэн манай улсын Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлох гэрээг Австралийн “Leighton Asia” компанитай байгуулсан талаар “Блумберг” мэдээлэв.


Уг гэрээний нийт өртөг 206 сая ам.доллар бөгөөд гэрээг хурдан хугацаанд байгуулж чадсандаа хоёр тал тун баяртай байгаа аж. Нүүрс олборлолтын гэрээний хугацаа зургаан жил бөгөөд гэрээний эхэн үед Хөшөөтийн уурхайгаас жилд гурван сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа юм байна. “Монголиа Энержи Корпораци”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жеймс Шейфер “Олборлолтын үйл ажиллагаа ирэх жилийн хоёрдугаар улирлаас эхэлнэ” хэмээн Хонконгод болсон хэвлэлийн хурал дээр ярьжээ. Хөшөөтийн уурхай нь манай улсын Ховд аймгийн нутагт оршдог бөгөөд дэлхийд томд тооцогдох нүүрсний орд газар юм. Одоогийн байдлаар “Монголиа Энержи Корпораци” тус уурхайг 460 сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн тооцоолоод байгаа хэдий ч нөөцийн хэмжээ цаашид өсөх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Австралийн Сидней хотын уул уурхайн мэргэжилтэн Билл Керр “Монгол Улс дахь Хөшөөтийн уурхайн нөөцийн асуудал анхаарал татаж байна.

Уг уурхай урьдчилсан байдлаар 460 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдоод байгаа нь олборлолтын эрхийг аваад байгаа “Leighton Asia”-д том боломж олгох болно. Үүнээс гадна “Монголиа Энержи Корпораци”-д хамгийн их ашигтай гэдэг нь тодорхой юм. Санхүүгийн хямрал хараахан дуусаагүй байгаа учир тус уурхайн төсөл дээр ажиллагсдын санхүүгийн байдал бага зэрэг асуудалтай байгаа гэж таамаглаж байна. Тиймээс Хөшөөтийн уурхайгаас олох ашиг тус компаниудад хүндрэлийг давах боломж олгоно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Одоогийн байдлаар “Монголиа Энержи Корпораци” манай улсын нутаг дэвсгэрт уул уурхайн хайгуулын ажил явуулах зорилгоор 330 мянган га талбай эзэмшиж байна.

Олборлолт найман сая тоннд хүрнэ

“Монголиа Энержи Корпораци”, “Leighton Asia” хоёрын гэрээнд заагдсаны дагуу Хөшөөтийн уурхайгаас нэг жилд олборлох нүүрсний хэмжээ найман сая тоннд хүрэх гэнэ. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу олборлолт яваандаа таван сая тонноор нэмэгдэх аж. Олборлолтын хэмжээ ийнхүү өсөх нь “Leighton Asia”-гийн удирдлагуудын хувьд тун таатай мэдээ болж байгаа талаар эдийн засагчид мэдэгдэв. “Mining Equity Strips”-ийн ахлах эдийн засагч Луис Камара “Олборлолтын хэмжээ өсөх нь “Leighton Asia”-гийн хувьд туйлын сайн зүйл. Энэ бол гэрээний нэг чухал заалт гэж би бодож байна. Сүүлийн үед Монгол Улсын уул уурхайн салбар дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаагийн нэг илрэл нь уг хоёр компанийн байгуулсан гэрээ яахын аргагүй мөн. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сард дэлхийн зэс, алтны хамгийн том ордод тооцогдож байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Сүүлийн үед энэ мэт олон том гэрээ хийгдэх болсон нь тус улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгааг харуулж байна” хэмээн хэвлэлийн хурал дээр ярьжээ. Манай улс дэлхийн уул уурхайн салбарын чухал субьектүүдийн нэг болоод байгаа талаар “Leighton Asia” мэдэгдсэн байна. “Leighton Asia” компанийн гүйцэтгэх захирал Хамиш Тайрвит “Хятад, Монголын нүүрсний маш том зах зээл бидний өмнө байна. Энэ бол гайхалтай байрлал. Монгол Улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний онцгой нөөц бий” гэж мэдэгдсэн байна. Түүний ярианаас манай улс дахь алт, зэс, нүүрс гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний их нөөц дэлхий дахины анхаарлыг яахын аргагүй татаж байгаа нв тодорхой байна.

Хөрөнгө оруулалт 2.85 тэрбумд хүрч нэмэгдэх боломжтой

Одоогоор “Монголиа Энержи Корпораци” Хөшөөтийн уурхайн нөөцийг 19 жил ашиглана хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд энэ хугацаанд тус уурхайд хийгдэх хөрөнгө оруулалт 2.85 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байгаа талаар компанийн ерөнхий өмгөөлөгч Мохан Датвани мэдэгдсэн байна. Түүнчлэн тус уурхайгаас олборлох нүүрсийг Хятадын баруун хойд хэсгийн Шинжаанд борлуулах талаар “Монголиа Энержи Корпораци” мэдэгдэв.
“Монголиа Энержи Корпораци”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жеймс Шейфер цааш өгүүлэхдээ “Уурхайн олборлолт эхлээд зургаан жил өнгөрсний дараа гэрээг дахин сунгана гэдэгт манай компани итгэж байна” гэжээ. Түүний ярианаас 19 жилийн хугацаанд ашиглах төлөвлөгөөтэй байгаа уг уурхайн гол хамтрагчаар ирээдүйд ч “Leighton Asia” үлдэх нь харагдаж байгаа талаар мэргэжилтнүүд мэдэгдэв. Хонконгийн уул уурхайн мэргэжилтэн Стивен Ли “Цаашид ч тэд хамтран ажиллах сонирхолтой байгаа нь холбогдох албаныхны ярианаас харагдлаа. Гэхдээ миний бодлоор зургаан жилийн хугацаатай гэрээний явцад их зүйл өөрчлөгдөх болно. Магадгүй тус хоёр компани гэрээний өртгийн асуудал дээр санал зөрөлдөж ч магадгүй. Ирээдүйд төлөвлөөгүй зүйл олон тохиолдох учраас тус хоёр компани уурхайн ашиглалтын хугацааг дуустал хамтарч ажиллана гэсэн баталгаа байхгүй. Ямартай ч Хөшөөт бол дэлхий дахины анхаарлыг татаж байгаа том уурхай учир тус уурхайгаас татгалзах компани мэдээж байхгүй. Үүнийг би баталгаатай хэлж чадна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

”Leighton Asia” мэдэгдэлдээ “Манай компани Монгол Улс дахь үйл ажилагаагаа тэлж байгаадаа баяртай байна” гэжээ.
Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлох гэрээг амжилттай байгуулж чадсан “Leighton Asia” компанийн талаарх мэдээллийг хүргэе. “Leighton Asia” бол Австралийн барилгын салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч болох “Leighton Holdings Ltd”-гийн охин компани юм байна. “Leighton Asia” нь олон жилийн өмнө байгуулагдсан компани бөгөөд Ази тивд барилга болон уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж. Уул уурхайн эх орон гэгддэг Австралийн компанийн хувьд “Leighton Asia” уул уурхайн эрдэс баялгийн олборлолт, судалгааг өндөр түвшинд хийдгээрээ олны танил болжээ.

Харин одоо “Монголиа Энержи Корпораци”-ийн талаарх товч мэдээллийг хүргэе. Тэд мөн л уул уурхайн хайгуул, судалгааны ажлаар мэргэшсэн тэргүүлэх компани юм. Одоогоор тус компани манай улс болон Хятадын Шинжаан мужид идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Хөшөөтийн нүүрсний уурхайг тэд 2007 онд анх илрүүлсэн. Тус компани Хөшөөтийн уурхайн нүүрсний нөөцийг бүрэн тогтоохын тулд 52 мянган метр орчим гүн өрөмдлөг хийжээ. Өрөмдлөгийн ажлыг “John T Boyd Company” хянасан аж. Түүнчлэн “Монголиа Энержи Корпораци” манай улсын газрын тос болон байгалийн хийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна. Тус компанийн хувьцаа эзэмшигчдээс хамгийн нөлөө бүхий хүн нь тэрбумтан Чен Ю Тен юм. Ноён Чен тус компанийн хувьцааны 3.7 хувийг эзэмшдэг бөгөөд саяхан энэхүү эзэмшлийнхээ хэмжээг өсгөж байгаа талаараа мэдэгдсэн. Дашрамд дурдахад ноён Чен “New World Development” компанийг эзэмшдэг юм байна.

Ирэх жил 240 сая доллар олох боломжтой

Хонконг дахь “Куам Секьюритиес”-ийн шинжээч Тимоти Квайгийн судалгааны тайланд дурдсанаар нүүрсний үнэ хэрэв тогтвортой байвал Хөшөөтийн уурхайгаас ирэх жил л гэхэд 240 сая ам.долларын ашиг олох боломжтой гэнэ. Ердөө нэг жилийн хугацаанд 240 сая ам.долларын ашиг олох боломжтой талаарх түүний судалгааны тайлангаас Хөшөөтийн уурхай ямар их нөөцтэй нь харагдаж байна. Шанхайн уул уурхайн мэргэжилтэн Жао Зандао “Миний бодлоор Хөшөөтийн уурхай бол онцгой обьект. Газар зүйн байрлалын хувьд ч үнэхээр таатай. Хятадын хилтэй ойрхон байрладаг учир бүтээгдэхүүн экспортын зардал нь ч үнэхээр бага гарна гэж би бодож байна. Тэгээд ч жилд 240 сая ам.доллар олох боломжтой уг уурхай дэлхийд томд тооцогдох нь гарцаагүй. Өдрөөс өдөрт дэлхийн эрчим хүчний салбар Монгол Улсаас хамааралтай болж байгаа нь ажиглагдаж байна” гэж хэвлэлийн хурал дээр ярьжээ.
Хонконгийн “Монголиа Энержи Корпораци” өөрсдийн хайгуулын ажлын дүнд илрүүлсэн Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлох гэрээг Австралийн “Leighton Asia”-тай байгуулсан талаарх мэдээлэл олон нийтэд тарсны дараа “Монголиа Энержи Корпораци”-ийн хувьцааны ханш мэдэгдэхүйц өсчээ. Даваа гарагт Хонконгийн Хөрөнгийн бирж дээр “Монголиа Энержи Корпораци”-ийн хувьцааны ханш 0.19 хонконг доллар буюу 4.6 хувиар өсч 4.36 хонконг долларт хүрсэн байна. Зах зээлийн мэргэжилтнүүд хувьцааны ханш цаашид ч өснө хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. “Stock Strip Exit”-ийн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн Майкл Финли “Тус компанийн хувьцааны ханш огцом өссөн нь удирдлагуудын хувьд тун сайн мэдээ.

Миний бодлоор энэ бол “Монголиа Энержи Корпораци” цаашид ажиллах хамтрагчаа зөв сонгосны үр дүн байх магадлалтай. Тийм ч учраас зах зээл эерэгээр эргэж байна. Их нөөц бүхий орд газрын ашиглалтын гэрээг амжилттай байгуулж чадсан нь тус компанийн хувьд их сайн хэрэг. Үүнээс гадна тус компани Хятадын Шинжаан муж дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь их тус өгөх нь гарцаагүй. Аливаа бизнесийн гол зарчим, амжилтын үндэс нь сайн хамтрагч олох явдал шүү дээ. Тус компанийн бизнес амжилттай явагдаж байгаа учир хувьцааны ханш цаашид ч өснө” хэмээн хэвлэлийн хурал дээр ярьжээ.

"Өглөөний сонин"
Орчуулагч сэтгүүлч Даваахүүгийн Оюунбаатар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.