Түүхий болон хагас боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүнд НӨТ-ийн буцаан олголт олгохгүй
2009.07.21

Түүхий болон хагас боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүнд НӨТ-ийн буцаан олголт олгохгүй

Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ.

Энэхүү хуулийн төсөлд уул уурхайн компаниуд экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний хайгуул хийх, олборлох, боловсруулах зэрэг үе шатуудад хийсэн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсвөөс буцаан авдаг. Иймээс цаашид экспортод гаргасан уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж төсөлд тусгасан юм байгаа юм.

Байнгын хорооны хураагдал үед Ш.Сайхансамбуу, О.Чулуунбат, Д.Дамба-Очир зэрэг гишүүд энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцье гэсэн горимын санал гаргасан ч гишүүд энэхүү саналыг дэмжсэнгүй. Олонхи гишүүд энэ хуулийн төслийг хойшлуулшгүй хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Тухайлбал З.Энхболд гишүүн “өнөөдөр уул уурхайн олборлолт хийж байгаа “Цайрт Менирал”, “Бороо гоулд”, “Эрдэнэт”, “Шинэ технологи”, “Айвенхоу майнз” гэсэн 5 компани нь л гэхэд улсын төсөвт 0 төгрөг төлсөн хирнээ 174.7 тэрбум төгрөгийн буцаан авалт авчихсан байгаа. Бид энэ цоорхой хуулиа одоо засахгүй бол Оюунтолгой, Тавантолгой ороод ирвэл бүүр хэдэн тэрбумаар нь алдах болно” гэсэн бол, Р.Раш гишүүн “мөнгөний дутагдлаа зээлээр нөхөөд явна гэвэл худлаа. Энэ хуулийн нэн тэргүүнд батлах хэрэгтэй. Ингэж байж ирээдүйд уул уурхай салбарын эрхзүйн орчин эрүүл байх болно гэлээ.

Гишүүд хэлэлцсэний эцэст уул уурхайн боловсруулаагүй бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүнд НӨТ-ын буцаан олголт олгохгүй байж харин бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнд НӨТ-ын буцаан олголт олгодог байх саналыг дэмжлээ. Ингэснээр манай улс дотооддоо уул уурхайн бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн гаргаж, экспортлохыг дэмжсэн давхар бодлогоороо гарч байгаа юм.

Эцэст нь энэ хуулийн төслийг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхдээ, анхны хэлэлцүүлгээр нь батлах санал байнгын хорооноос оруулахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.