2022.07.25
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс гаргаж эхэллээ
Манай улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл ашиглан, экспортын нүүрсийг гаргаж байна.
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 3 хоногт 60 машин 120 чингэлэг нүүрс экспортолжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдээллээр Гашуунсухайт боомтын Нэгдсэн терминалын ачаа эргэлтийн хүчин чадлыг 2025 онд 75 сая.тоннд хүргэх зорилт тавиад байгаа юм. Эхний ээлжид 36 сая тоннын хүчин чадалтай терминал цаашдаа 60-75 сая тонн хүртэл нэвтрүүлэх гурван үе шаттай бүтээн байгуулалтын ажил явагдах юм.
Нэгдсэн терминалын хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 60 хувиар, “Тавантолгой” ХК 15 хувиар, “Энержи ресурс” ХХК 25 хувиар тус тус санхүүжүүлэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулан гүйцэтгэлийг ханган ажиллаж байна.
УУХҮЯ-ны 7 хоногийн статистик мэдээллээр 7 дугаар сарын 15-21-нд авто замаар 5 981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт 737.7 мянган тонн нүүрс гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 10 113.7 мянган тонн нүүрс экспортод гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ.
Дээрх хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 160 чингэлэг буюу оны эхнээс 820.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 16.5 хувийн өсөлттэй байна.