Ерөнхийлөгч Замын-Үүдэд ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 10 дугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод хүрэлцэн ирлээ.
Замын-Үүдийн гаалийн газар анх 85 жилийн тэртээ 1923 оны 6 дугаар сард 19 орон тоотой байгуулагдсан байна. Өдгөө 2 хэлтэс, 3 алба, салбар лаборатори бүхий 164 ажилтны орон тоотой, 11.4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, гаалийн хяналтын 5 бүс, 1 түр агуулах, нефт шилжүүлэн ачих 1 баталгаат агуулах, чөлөөт бүс татваргүй барааны 4 дэлгүүр гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 60 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэгтомоохон гаалийн газар болж өргөжжээ.
Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Замын-Үүдийг Гаалийн газрын дарга Ё.Бат-Эрдэнэ хүлээн авч авто замын шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагаа болон Лаборатори, Замын-Үүд дэх гаалийн газрын чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн гаалийн хяналтын талбайтай танилцуулав.
Дараа нь Ерөнхийлөгчид Дорногвь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд дэх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Баатар нар болон орон нутгийн удирдлагууд “Замын-Үүд бүс”-ийн тухай танилцуулга хийв.
Танилцуулгын үеэр анхаарал татсан нэг чухал асуудал бол тус бүсэд тулгамдсан асуудлууд байв. Замын-Үүд дэх Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгчийн хэлснээр тус суманд нэн тулгамдаад буй 5 чухал асуудал байна гэв. Үүнд:
1. Замын-Үүдийг Эдийн засгийн чөлөөт бүс болгох стратегийн ажлыг яаралтай хэрэгжүүлэх,
2. Цэвэр усны байгууламж, дулааны цахилгаан станц байгуулах асуудал,
3. Замын-Үүдээс эхлүүлэх Сайншанд чиглэлийн авто замыг барьж эхлүүлэх,
4. Замын-Үүдийн статусын асуудал. Үүнд, хотын статус олгох, ингэх боломжгүй гэвэл төсвийг нь Дорногвь аймгаас салгах,
5. Шинээр цэцэрлэг, сургуулийн барилгыг өргөтгөх зэрэг асуудлыг төрийн бодлогоор яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгааг танилцуулсан юм.
Дараа нь нь Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг танилцуулга хийхдээ, Сайншандруу төмөр зам татах асуудлыг өндөр хэмжээнд ярьж буйг дурьдаад үйлдвэрүүд барих, цэвэр усны асуудал шийдвэрлэх, мөн тус аймгийн Баруун хойд сумдад илэрсэн алтны ордод хуваариа алт олборлогчид ихэсч байгаа хийгээд түүнийг хуулийн дагуу зохицуулахад аймгаас ихээхэн анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Мөн Аймгийн Засаг даргын өгүүлснээр босоо тэнхлэгийн зам барих асуудал дээр анхааран ажиллах, Монгол Улсын засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн зээл тусламжийг эздэд нь олгох асуудлыг боловсронгуй болгох талаар зохицуулалт хэрэгтэй байгааг дурьдаж байв.
Түүний дараа ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар дээрхи асуудлууд ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултуудад хариулсан юм.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Замын-Үүд боомтын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй асуудлуудыг өргөн хүрээнд авч үзээд Замын-Үүдийг хөгжүүлэхэд олон чухал зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй, түүнээс хамгийн чухал нь тус бүсийн удирдлагын өөрсдийнх нь зүгээс шалтгаалах зүйлс их байгааг онцлоллоо.
Мөн Ерөнхийлөгч Дорноговь аймгийн зарим сумдад хэрэгжүүлж буй гар аргаар алт олборлогчдийн үйл ажиллагааг зохистой зохион байгуулах талаар хэрэгжүүлж буй аймгийн удирдлагын ажлыг сайшаагаад “Алтны бичил уурхай”-н жишиг уурхай байгуулах саналыг тавьсан юм.