2022.06.03

Б.Баттөмөр: Сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн концессын гэрээ хэд байгаа вэ

УИХ-ын чуулганы \2022.06.03\-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Ач холбогдолтой хууль орж ирж хэлэлцэгдэж байна. Энэ хуулийг оруулж ирж байгаа хүмүүстээ талархаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийг өнөөгийн нөхцөлд тохируулж үе шаттай хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх хөгжлийн бодлогуудтай уялдуулах, ач холбогдлоор нь эрэмбэлэх, харилцан үр ашигтай түншлэлийг хөгжүүлэх гэх мэт цогц бодлоготой нийцүүлэх шаардлага үүссэн гэж үзэж байгаа. Улсын Их Хурлаас 2009 онд төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичиг баталсан байдаг. 2010 онд концессын тухай хууль баталсан. Концессын тухай хуулинд энэ хугацаанд маш олон өөрчлөлтүүд орсон байдаг. Харамсалтай нь энд бодлогын шинж чанартай, хөгжилд саад болж байгаа, алдаа дутагдал гаргах үүд хаалга нээж байгаа ийм өөрчлөлтүүдийг хийгээгүй. Голчлон концессын хавсралтад өөрчлөлт оруулах жагсаалт яригдсан. Энэ бол төвөгтэй байдлыг бий болгосон. Хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө, “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгүүдэд энэ тодорхой заагдсан.

2020 онд хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд дээрээс доошоо төлөвлөх, доороос дээшээ төлөвлөхийн тулд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ярьж оруулж байсан юм. Төр хувийн хэвшлийг төлөвлөлтийг зохистойгоор хангах зарчим гэж хөгжлийн бодлого төлөвлөлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн хуулийн этгээдүүдийг зохистойгоор оруулахыг хэлнэ гэж тодорхойлсон.

Барих шилжүүлэх концессын гэрээгээр хийх төслүүдийн өртөг нь төсвийн санхүүжилтээс 20-30 хувиар илүү байдаг гэж ярьдаг. Тэгэхээр цаашдаа богино хугацаагаар концесс хийх шаардлагагүй. Төсөв дотроо багтаж буй зүйлүүдийг хийлгэж болохгүй юм уу. Концессоор хийсэн ажлын санхүүжилт өгөх мөнгө 2025 он хүртэл Монгол улсын төсөвт дарамттай байна гэж байгаа. Яг хэдэн төгрөг байгаа вэ, үүнийг яаж төлөвлөхөөр шийдэж байна вэ?

Эрх мэдэлтнүүдийн хулгай хийдэг арга зам бол сонгон шалгаруулалтгүйгээр шууд концессын гэрээ байгуулдаг. Сангийн сайд 60-аад гэрээ байгаа гэж хэллээ. Энэ гэрээнүүдээс хэд нь шууд гэрээ байгуулсан юм бэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.