2022.06.03

Мөрөн сумын ногоочид Хэнтий аймгаа хүнсний ногоогоор хангах зорилт дэвшүүллээ

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна.

Түүнтэй хамт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар ажиллаж байна. МУ-ын ерөнхийлөгч Хэнтий аймгийн Мөрөн сумын хүсний ногоочид, тариаланчидтай уулзалт хийж, ажлаа эхлүүлэлээ. Тэрбээр өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ногоочдын төлөөлөлтэй уулзалт хийж, ногоочид, тариаланчдад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, трактор, зоорийг шийдвэрлэж байсан юм.

Мөрөн сумынхан Мөрөн голоо түшиглэн 1944 оноос Эрдэнэ уулын зүүн талд төмс, хүнсний ногоо бага хэмжээнд тариалж эхэлснээс хойш 78 дахь жилдээ тариалалтаа эхэлжээ.

Сумын 102 өрхийн 155 ногоочин, гурван аж ахуйн нэгж малын тэжээл, рапс, улаан буудай, төмс, хүнсний ногоо, хоёр иргэн чацаргана тариалж байна.

2018 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 594 м.кв талбай бүхий 16 хүлэмжтэй. Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 128 м.кв гурван улирлын хүлэмжийг 2019 онд барьж энэ жилээс ашиглаж эхэлжээ.

Хэдийгээр 100 тонны хүчин чадалтай зоорьтой ч цаашид өргөтгөх, аймгийн төвд ногоогоо худалдан борлуулах байнгын цэгтэй болох шаардлага байгааг ногоочид хэлж байлаа. Мөн тариалангийн талбайгаа 60 га болгож тэлэхээр төлөвлөсөн ч бороожуулагч, гүний худаг, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг шийдэхэд дэмжлэг хэрэгтэй талаар хэллээ. Тэд шаардлагатай зүйлээр дэмжиж, улс бодлогоор анхаарвал хүнсний ногоогоор Хэнтий аймгаа хангах, цаашдаа бүсийн аймгуудаа хангах бүрэн боломжтой гэв.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн төсөвтэй холбоотой мэдээллийг танилцуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Идэрбат сүүлийн хоёр “Бусдадаа боломж олгоё” аяныг өрнүүлж ЖДҮ эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж Сум хөгжүүлэх санд 2 тэрбум төгрөг төвлөрснийг онцлоод цаашид хүнсний ногоочид хоршоо хэлбэрээр зохион байгуулагдаж, зээл авах боломжтойг сонордууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сумын тариаланчдад зориулж 90 морины хүчтэй трактор, анжис, борной, чиргүүлийг хүлээлгэн өглөө.

Цаашид Мөрөн сумын хүнсний ногооны талбайн усалгааны системийн суурь баазыг бүрэн шинэчлэхээр болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэв.

Хэнтий аймгийн Мөрөн сум 2021 онд 678 тн төмс, 548 тн хүнсний ногоо хураан авсан байна. 2010, 2014 онд Улсын аварга тариаланч сум, 2017, 2020 онд Тариаланч сумаар шалгарч байжээ.