2022.06.02
Н.Учрал: Биет бус хөрөнгийг үнэлэх асуудал энэ хуулиар яаж зохицуулагдах вэ
УИХ-ын чуулганы нэгдсэн /2022, 06, 02/-ны өдрийн хуралдаанаар "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байгаа. Их хурал дээр хэлэлцэж байгаа хуулиуд хоорондоо уялдах, ажлын хэсэг хамтарч ажиллах асуудал орхигдоод байна. Хөрөнгийн тухай хууль дээр ч гэсэн одоо хэрэгжиж байгаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг нэг мөр зохицуулах хэрэгтэй. Манай хууль тогтоомжинд биет бус хөрөнгийн үнэлгээний талаарх тодорхой ойлголт орсон. Тиймээс өнгөрсөн 2019 онд оюуны өмчийг хуулийг батлан гаргасан. Энэ хуулийг батлан гаргахад биет бус хөрөнгийн үнэлгээтэй асуудал зохицуулагдсан байгаа юм. Тухайлбал, оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээ гэж бий болно, биет бус хөрөнгийг хэрхэн үнэлэх, мэргэшсэн үнэлгээчид юу гэж дүгнэх мөн эдийн засагжуулах асуудлуудыг хэрхэн зохицуулах гээд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль буюу биет бус хөрөнгийг үнэлэх асуудал одоогоор зохицуулагдахгүй байгаа.
Жишээ нь оюуны өмчийн барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварыг биет бус хөрөнгөөр үнэлээд түүнийг банкинд барьцаалаад зээл авах бололцоог энэ хуулиар зохицуулж өгсөн. Тэгэхээр хөрөнгийн үнэлгээний хууль дээр биет бус хөрөнгийн үнэлгээний асуудлыг тодорхой зохицуулж өгмөөр байна. Биет бус үнэлгээн дээр юу гэж үзэж байгаа вэ? Ямар шинэ зохицуулалтууд энэ хуулинд туссан бэ? Мэргэшсэн үнэлгээчдийн институт гээд байгууллага бий. Энэ байгууллага биет бус хөрөнгийг үнэлэх мэргэшсэн үнэлгээчдээ сургалтанд хамруулаад, сертификатжуулаад эрхийг нь олгоод эхэлсэн процесс танай байгууллага дээр явж байна уу эсэх асуудал чухал байна.
Хоёрдугаарт мэргэшсэн үнэлгээний институт, мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институт гээд мэргэжлийн байгууллагуудыг одоо хүртэл Төрийн бус байгууллагын статусаар зохицуулж байгаа. Гэтэл хууль, тогтоомжууддаа мэргэжлийн холбооны хуулийг оруулаад өгчихсөн. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод гүйцэтгэх ёстой. Хөрөнгийн үнэлгээний хуулиа мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулах зайлшгүй шаардлагатай. Олон хууль гардаг хэрнээ хоорондоо уялддаггүй давхар зохицуулалтыг бий болгоод яваад байгаа юм. Бид биет бус хөрөнгийг үнэлсэн цагт компаниуд дэлхийн зах зээл дээр гарах бололцоо нэмэгдэнэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.