2020.12.17

Н.Энхболд: Монголчууд гадаадад хөрөнгө оруулалт хийхэд Монголын нэг компани үнэлгээ хийх үү?

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд асуулт асуулаа:

Нэг л компаниар үнэлүүлж байх зарчим энд байна уу? Эсвэл маргаантай тохиолдол хоёр, гурван хараат бус компаниудаар юм хийлгэж байх бололцоо байна уу?

Хуулийн заалтын 5.1.3-д Хуульд тусгайлан заасан эрх бүхий этгээдийн шийдвэрээр гэж байна. Энэ бол хууль хяналтын байгууллагууд үүнийг үнэл гээд хүсэлт тавьдаг эсвэл шүүхээс шийдвэр гардаг ч юм уу? Үүнийг тодруулж өгнө үү? Үүнийг дагаад хөндлөнгөөс нөлөөлдөг, сонирхогч тал өөртөө ашигтай шийдвэр гаргуулах үүднээс үнэлгээг янз бүрийн аргаар хийлгэх гэдэг дарамт шахалтууд ирдэг.  Энэ бол 14-р заалтуудтай бас холбоотой.

Монголчууд гадаадад хөрөнгөтэй болно, хөрөнгө оруулалт хийнэ. Чадахын төлөө явах хэрэгтэй тэгж байж бид дэлхийтэй хамт явна. Энэ тохиолдолд Монголын нэг компаниар үнэлгээг нь хийлгээд байх уу эсвэл тал талын ашиг сонирхол оролцсон, гадаад дотоодын компаниуд хамтраад хийх боломжийг бий болгосон заалтууд энэ дотор байна уу?

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.