“Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аваргаар Орхон аймгийн “Эрдэм I” баг шалгарлаа
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран сурагчдын дунд “Парламентын боловсрол” сэдэвт илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнийг 2022 оны 5 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээний аваргын төлөө мэтгэлцэх төгсгөлийн шатны шалгаруулалт (2022.05.30)-ны өдөр Төрийн ордонд болов.
Төгсгөлийн шатны шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Тэрбээр “Энэ удаагийн мэтгэлцээнд нийт 64 багийн 192 сурагч оролцсон. Баг тус бүр гурван оролцогчтой өрсөлдсөн байна” гээд аймаг, орон нутгаас буюу Орхон, Дорноговь, Дархан-Уул зэрэг аймгаас ирж, нийслэлийн үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдсөн болон мэтгэлцээнд оролцсон нийт сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарт баяр хүргээд “Парламентын боловсрол” хөтөлбөр, мэтгэлцээний зорилго залуу үеийнхнийг илүү хэрсүү, оновчтой дүгнэлтэд үндэслэн сонголт хийх, сонгосныхоо дараа зөв шаардлага тавьж, төрийг удирдах үйл хэрэгт хамтран оролцох чадвартай, хариуцлагатай иргэд болгон төлөвшүүлэхэд чиглэж буйг хэллээ. Мөн мэтгэлцээнийг зохион байгуулж, хамтран ажиллагсдад талархал илэрхийллээ.
Төгсгөлийн шатанд тунаж үлдсэн Орхон аймгийн “Мэргэд” баг болон, “Эрдэм I” багийн хооронд тэргүүн байрын төлөөх тоглолт болсон юм.
Тэмцээний 2 дугаар байранд Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарсан бол 3 дугаар байранд Улаанбаатараас оролцсон“Абсолют Франклин”, Дархан-Уул аймгийн “Титэм” баг тус тус шалгарлаа. Тусгай буюу шагналт байранд Орхон аймгийн “Орхон” баг, мөн тус аймгийн Эрдэм II” баг, Улаанбаатараас оролцсон “Атлантис”, “Импакт” багууд шалгарсан юм.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.19
2024.12.19