2022.05.24

Т.Энхтүвшин: Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах нь хамгийн чухал

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Зорилтот хөтөлбөрөө хэрэгжүүлээд хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах нь хамгийн чухал. Бид “Монгол мал хөтөлбөр”, “Атрын гуравдугаар аян”, сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангана зэрэг маш олон хөтөлбөр, зорилтуудыг гаргаж байсан. Гэхдээ төдийлөн амжилттай хэрэгжиж чадаагүй. Үүний шалтгаан нь хөрөнгө, мөнгөний асуудалтай холбоотой.

Тиймээс 2023 оны улсын төсөвт хүнсний хангамж дээр шаардагдах хөрөнгө, мөнгөө хангалттай оруулбал,  Хүнс хөдөө, байгаль орчны байнгын хорооны гишүүд дэмжээд санхүүг нь батлуулахад хамтарч ажиллах нь зөв. Энэ бол Монгол улс эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндэсний аюулгүй байдлын баталгаа болж чадах томоохон хөтөлбөр учир төсөв, төлөвлөгөөг батлах, суулгаж өгөхөд санаачлагатай ажиллана.