С.Одонтуяа: Төсвөөс хүнд зориулсан хөрөнгө оруулалтууд хасагдаж, байшин барилга, уул уурхайнууд нь батлагддаг
-НЭГ ХҮНД НОГДОХ ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭГ 22.8 ЛИТРЭЭР БАГАСГАХ БОЛОМЖТОЙ-
УИХ-ын гишүүн С.Одонтуяатай Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулахыг санаачилсан хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах хуулийн төслийг яагаад санаачлах болов. Үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
-Би 2010 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа гуайн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр цаг үеэс чихэрлэг ундааны хор нөлөө ямар их байдаг юм бэ гэдгийг гаднын улс орны судалгаануудаас харж, мэдэж байсан. Өмнөх парламентын үед судлаачид чихэрлэг ундааны хэрэглээг багасгах талаар ярьж байсан юм билээ. Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чихэрлэг ундааны хор нөлөөтэй холбоотой иж бүрэн судалгаа гарсан учир хуулийн төслөө зоригтой санаачилж, өргөн барьсан. Би хууль тогтоогчийн хувьд хүний хөгжлийг урт хугацаагаар харж, учирч болох эрсдэлээс иргэдийг хамгаалж, эрүүл амьдралын хэв маяг руу чиглүүлэх юм сан гэж боддог. Улстөрчид гал унтраах маягаар хууль санаачлах бус урт хугацаанд нийтийн эрх ашигт нийцсэн хууль санаачлах хэрэгтэй. Боловсролын салбарын шинэчлэлийн хуулиуд 5-10 жилийн дараа үр дүнгээ өгдөг бол эрүүл мэндийн салбарт чиглэсэн хууль, ажлын үр дүн 15 жилийн дараа гардаг.
-Дээрх хуулийн төслийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд тулгуурлаж санаачилсан гэлээ. Манай эрүүл мэндийн яамнаас хэт чихэрлэг ундаа, хүнсний хэрэглээний талаар судалгаа хийсэн үү?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль чихэрлэг хүнсийг ямар хүмүүс хамгийн түгээмэл хэрэглэж байна вэ гэдгийг нас, хүйсээр нь ангилж, хэт чихэрлэг хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа тухай нарийвчилсан судалгаа монгол, англи хэлээр гаргасан.
Сахар бол донтуулах үйлчилгээтэй. Хүүхдүүд чихэрлэг ундаа уусан бол дахин уумаар санагдаж, өдөр бүр хэрэглэж байна. Тиймээс дэлхийн улс орнуудын хийсэн судалгаанаас харахад иргэд ухамсраараа чихэрлэг ундааны хэрэглээгээ багасгадаггүй юм байна лээ.
Дэлхийн улс орнууд тусгай хууль санаачилж, чихэрлэг хүнсийг зохистой хэрэглэж сурсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд дэлгүүрээс хамгийн хямд ундаа худалдан авдаг. Тухайн бүтээгдэхүүнд сахар маш их агуулагдсан, ямар ч шим тэжээлгүй байдаг.
-Хэт чихэрлэг ундааны хэрэглээг татварын аргаар багасгана гэж ярьж байсан. Ундаанд хэдэн хувийн татвар ногдуулах вэ?
-Тав болон түүнээс доош грамм чихэртэй ундаанд татвар ногдуулахгүй. Харин таваас дээш грамм чихэр агуулсан ундаанд 20 хувийн татвар ногдуулах юм. Тухайлбал, 1000 төгрөгөөр борлуулагддаг ундааг 1200 төгрөг болгоно гэсэн үг. Татвараас одоогийн хэрэглээгээр бодож үзэхэд, 98 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөхөөр байгаа юм. Тэгэхээр чихэрлэг ундааны хэрэглээг үнээр хязгаарлаж байна гэсэн үг.
-Иргэд хэт чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулж, мөнгө олох гэж байна. Харин иргэдийн хэрэглээ багасахгүй гэж ярьж байгаа?
-Чихэрлэг ундаанд татвар тавьж чадах юм бол давуу тал их бий. Тухайлбал, нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой. Бид онцгой татвараар мөнгө олох гэсэндээ дараах хуулийг санаачлаагүй. Татвар бол далдугаар асуудал. Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Хэт чихэрлэг ундаанд татвар ногдуулсан улс орны жишээг харахад, татварын мөнгө нь тооцоолсноор ордоггүй, тавны нэг юм уу, дөрөвний нэг нь ордог юм билээ. Яагаад гэвэл, иргэд чихэр багатай ундаа хэрэглээд сурчихдаг юм байна. Тэгэхээр үйлдвэрүүд технологио өөрчилж эхэлдэг сайн талтай.
-Чихэрлэг ундааны татварын мөнгийг юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?
-Тухайн мөнгийг юунд зарцуулж болох тухай иргэдээс санал ирсэн байна лээ. Тухайлбал, “Сургуулийн өдрийн хоолны цэсэд цагаан идээ оруулж болох уу. Мөн сургуулиудад цэвэр усны аппарат байршуулж болох уу” гэх мэт санал, сэтгэгдэл ирсэн байсан. Энэ тухай нарийн судалж, хэлэлцүүлэг хийнэ.
-Таны санаачилсан хуулийн талаар иргэд ямар санал, сэтгэгдэлтэй байна вэ. Чихэрлэг ундаа хэрэглэх эсэх нь хувь хүний асуудал хэмээн үзэх хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Эцэг, эхчүүд, эрүүл мэндийн салбарынхан маш их дэмжиж байгаа. Эцэг, эхчүүд “Ундааны хэрэглээг багасгаж байгаа бол дараа нь бэлэн гоймонгийн хэрэглээг багасгахад анхаараарай” гэж байна лээ. Мэдээж, хэн юу идэж, уух нь хувь хүний асуудал, үүнд төр оролцох хэрэггүй гэх хүмүүс байгаа. Тэдэнд “Эрүүл мэнд хамгийн чухал шүү, хүнсний хэрэглээндээ анхаараарай” гэж хэлмээр байна. Хоол болохгүй хүнсийг татварын аргаар багасгахгүй бол ухамсарт найдаад үр дүнгүй гэдгийг иргэд ойлгох байх.
-Хүүхдүүдийн таргалалт их байгаа нь чихэрлэг хүнсний хэрэглээтэй шууд хамааралтай юу. Энэ талаар тодорхой судалгаа бий юү?
-Бидний судалгаагаар 7-11 настай хүүхдүүдийн таргалалт сүүлийн долоон жилд долоо дахин нэмэгдсэн. Тэгэхээр гурван жилийн дараа 10 дахин нэмэгдэнэ гэхээр аймшигтай байгаа биз. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хэт чихэрлэг ундаанд татвар тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол дэлхий даяар чихрийн шижин өвчинд нэрвэгдэх аюултай байна” гэдгийг анхааруулж, уриалга гаргасан. Мөн монголчууд зүрх, судасны өвлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Тус өвчнөөр нас барж буй иргэдийн 50 хувь нь хөдөлмөрийн насныхан буюу залуучууд байгаа. Энэ нь хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдалтай холбоотой. Чихэрлэг хоол хүнсний 15 хувийг ундаа эзэлдэг болохоор эхлээд түүний хэрэглээг багасгах нь зөв гэж үзсэн.
-Та УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хамгийн түрүүнд ямар хууль батлуулах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хуульд анхаарч ажиллаж байна. Тэр дундаа сонгуулийн системийг холимог систем рүү шилжүүлэхгүйгээр улс төрийн хоцрогдлоос гарахгүй юм билээ. Үүнтэй холбоотой Улс төрийн намын хуулийг удахгүй өргөн барих байх. Тэгэхээр Улс төрийн намын тухай хууль улс төрийг урагш нь чиглүүлэх байх гэж бодож байна. Мөн Зөрчлийн хууль дээр сайн ажиллах ёстой. Хүн бүрийг Эрүүгийн хуулиар шийтгээд байх нь шоронжсон улс орон болж байна. Тиймээс заримыг нь “Зөрлийн хуулиар торгодог байя” гэж байсан бол одоо “Торгууль хэтэрхий их байна. Зөвхөн иргэдийг торгож, мөнгө олох гэсэн хууль юм биш үү” хэмээн ярьж байгаа. Эдийн засаг маш хүнд байгаа энэ үед Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, боомтуудын нэвтрэх чадвар, эрүүл мэндийн асуудлууд нэн түрүүнд чухал байна.
-Таныг иргэдийн эрүүл мэндэд түлхүү анхаарч ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо. Хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн салбартай холбоотой ямар хууль санаачлахаар төлөвлөж байна вэ?
-Дэлхий нийт улс орноо хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролоор нь хэмждэг болсон энэ үед эрүүл мэндтэй холбоотой хуулиуд чухал байгаа юм. Монголчууд хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ. Өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль ямар чухал өөрчлөлт оруулах вэ гэх мэт олон хуульд анхаарч ажиллахаар байна. Тэгэхээр монголчуудын эрүүл мэндийн асуудал Үндсэн хуульд болон төрийн гол анхааралд байх ёстой. Бид Эрүүл мэндийн тухай хуулиудаа улам сайжруулж, чамбайруулах нь зүйтэй. Би “Хавдрын эсрэг довтолгоо” гэх аяныг санаачилж, “Өөрийгөө хавдрын эсрэг ажиллахад бүрэн зориулъя” гэж шийдэж, сайн дурын ажил өрнүүлж байгаа.
-Таны санаачилсан хуулийн төслөөс гадна нэмэлт зүйл асууя. Сүүлийн үед сургуулийн насны хүүхдүүд бусдад зэвсэг тулгаж дээрэмдэх, бусдын амийг нь хөнөөх, автомашин хулгайлах, согтуурах зэрэг онц ноцтой гэмт хэрэгт холбогдох болжээ. Та үүнд эмзэглэж байгаа юу. Эмэгтэй гишүүд энэ асуудалд хэрхэн анхаарч, ямар ажил хийж байна вэ?
-Энэ маш чухал асуудал. Монгол Улс хүнээ хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд анхаарахгүй, анхаарлын гадна орхичихлоо. Үүнд их эмзэглэж байна. Улстөрчид зах зээл, байшин барилга, уул уурхай, төмөр зам барих, барихгүй гэдэгт л хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн байна. Тийм учраас энэ чиглэлээр төслүүд санаачилж байсан. Жишээлбэл, “Эх орон-36” хэмээх хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлж байсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийг эх оронч үзэлтэй, тэсвэр хатуужилтай болгож, зөв хүмүүжүүлэх суурийг бэлдэж өгдөг байсан. Энэ хөтөлбөрөө үргэлжлүүлэх бодолтой байна.
Манай улс хүндээ хөрөнгө оруулалт сайн хиймээр байна. Төсөв батлахад хүнд зориулсан хөрөнгө оруулалт дандаа хасагдаж, байшин барилга, уул уурхайнууд нь батлагддаг. Тухайлбал, хүүхэд хүмүүжүүлэх, эх оронч үзэлтэй болгох хөтөлбөрүүд дандаа хасагдаж байсан. Эхлээд иргэнээ баялаг болгосон цагт л улс хөгжих болов уу.