Ж.Батжаргал: УИХ-ын гишүүн болохоос өмнөх асуудлын зөв бурууг шалгахад одоо гишүүн байх эсэх нь нөлөөлөхгүй гэж үзэн УИХ прокурорын саналыг дэмжээгүй
УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай газар тариалан болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын тариалалт оройтож, зуны эхэн сартай золголоо. Та Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ жилийн газар тариалангийн ажлыг ямар байдлаар харж байна вэ?
-Энэ жилийн хаврын тариалалтыг Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээндээ газар тариалангийн салбарт 190 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор ажиллаж байна. Үүнээс 100 тэрбум нь үр тарианы чиглэлд, 50 тэрбум нь хүнсний ногоонд, үлдсэн 40 тэрбум нь малын тэжээл, тариалалтын чиглэл рүү тус тус салж, олгогдохоор байгаа. Зээлийн олголт орон нутагт удаашралтай байсан.
Монголбанк, ХХААХҮ-ийн яам, холбогдох байгууллагуудад чиглэл өгсний хүрээнд зээл олголтыг шуурхайлах ажлууд хийгдсэн. Энэ жилийн хувьд бид газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулах ёстой. Тухайлбал, Украин, Оросын асуудлаас үүдэж дэлхийн зах зээлд нийлүүлэгдэх улаанбуудай, ургамлын тосны хангалтын асуудал дээр нэлээд их хүндрэл ажиглагдаж байна. Тиймээс дотооддоо тариалалтаа ахиухан хийгээд ургацаа сайн авах шаардлагатай. Ингэж чадвал дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй тодорхой хэмжээний нөөцөө бүрдүүлчих бололцоо байна. Зуны сар илүү.
Хэдий зуны сар гарчихсан ч гэсэн хаврын тариалалтын эхлэх хугацаа жил бүр тавдугаар сарын эхээр байдаг. Энэ жилийн хувьд их хүйтэн байна. Үүнийгээ дагаад хөрсний дулаан, чийгийн үзүүлэлт тариалалт хийхэд хүндрэл учруулж, хойшлуулагдах байдал ажиглагдаж байгаа. Саяхнаас л манай улсын газар тариалангийн гол бүс нутгуудаар багахан хэмжээний чийг өглөө. Мөн энэ жилийн дулааны улиралд хур бороо өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад бага орохоор байна. Тиймээс холбогдох байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгжүүд цаг ууртайгаа тохируулан ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай. -Үрийн асуудлын тухайд ярихгүй юу?
-Үрийн хувьд энэ жил манай улсын хувьд хангалттай байгаа. Нийтдээ 64 мянган тонн үр нөөцөлж авсан. Жил бүрийн хаврын тариалалтад 59-62 мянган тонн үр шаардлагатай байдаг. Өнгөрсөн жилийн тухайд үр шинэчлэлийн асуудлыг дорвитой хийсэн. Тэр дундаа улаанбуудайн хувьд үрийн шинэчлэлт сайн хийгдсэн жил байсан. Үрийн шинэчлэлийн ажилд улсын төсвийн хөрөнгөөр 1.3 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа. Энэ жил хүнсний ногооны үйлдвэрлэлийг анхаарч ажиллаж байна.
Энэ хүрээндээ эрэлтэд суурилсан үйлдвэрлэл нэвтрүүлье гэсэн бодлого барьж ажиллах юм. Тухайлбал, Монгол Улсад хэчнээн хэмжээний төмс, хүнсний ногоо хэрэгтэй байна вэ, түүндээ зориулж тариалалтдаа явуулах бодлого баримталж байгаа. Төмсний хувьд энэ жил үрийн шинэчлэл хангамж дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Учир нь өнгөрсөн жил төмс дээр өвчлөл их гарсан. Тиймээс “Шинэ хөдөө” төслийн хүрээнд үрийн шинэчлэлт, хангалтын асуудлыг орон нутагт эрчимтэй явуулж байна гэж харж байгаа.
-Хаврын тариалалттай холбоотойгоор түлш, шатахууны нөөц, олголтын асуудал яригддаг. Энэ жилийн тухайд тариаланчид шатахууны нөөц, үнийн хөнгөлөлт зэрэг нь тодорхой болоогүй байна гэсэн мэдээллийг өгсөн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Үүнд мэдээж онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. УИХ-аас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх хууль тогтоол, шийдвэрүүд гарсан. Үүнд энэ түлш, шатахууны асуудал орж байгаа.
Хаврын тариалалт, уринш боловсруулалт, намрын тариа хураалтад нийтдээ 22.5 мянган тонн түлш, шатахуун шаардлагатай. Үүнийг Уул, уурхайн яамнаас тодруулахад хангалтын хувьд асуудалгүй гэсэн. Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр нийлүүлэх шатахууныхаа тендерийг зарлаад тариаланчдад 50 хувийн урьдчилгаатайгаар олгогдохоор болсон. Энэ сангаас үрийн асуудалд ч гэсэн 30 хувийн урьдчилгаатайгаар олгож байгаа юм билээ.
-Тариалан эрхлэгчдэд олгогдох зээлийн асуудлыг хөндлөө. Нөгөөтэйгүүр энэхүү зээлийн тавигдах шалгуур үзүүлэлт өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг гэсэн асуудлыг тариаланчид ярьдаг. Зээлийн шалгуурыг бууруулах, түргэн шуурхай олгох тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Засгийн газар, Монголбанктай хамтраад 10 их наядын цогц төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн салбар луу, тэр дундаа нэмүү өртөг шингээдэг, боловсруулах салбар луугаа оруулахаар төлөвлөсөн. Тэр утгаараа хөдөө аж ахуйн салбарт энэ жил 400 гаруй тэрбум төгрөгийн зээл олгох асуудал шийдэгдсэн гэж харж байна.
Зээлийн батлан даалтын сан гэж бий. Энэ сангаар барьцаа хөрөнгө дутагдалтай гол үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн зээлийн 60 хувийг нь батлан даагаад явахаар шийдвэрүүд нь гарчихсан. Мэдээж зээл банкнуудаар дамжин олгогдож байгаа учраас тухайн банк өөрсдийнхөө эрсдэл зэрэг зүйлсээ тооцож, шалгуураа тогтоож байгаа байх. Үүнээсээ шалтгаалаад зээл олголт удаашрах асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Юутай ч цаашид хөдөө аж ахуйг дэмжих, тариаланчдад олгогдох зээлийн үйл ажиллагаа хэвийн явагдчих болов уу гэж бодож байгаа.
-Улаанбуудайн үнийг чөлөөлөх асуудал их яригддаг. Нөгөөтэйгүүр тариаланчид улаанбуудай тариалах ашиггүй, түүний оронд рапс тарих нь ашигтай байна гэх юм. Улаанбуудайн тариалалт багасах нь хүнсний нөөц, түүхий эдийн хомсдолд орох аюултай шүү дээ. Тиймээс энэ асуудлаар төрөөс ямар бодлого барьж ажиллах нь зөв юм бэ?
-Улаанбуудай ч гэлтгүй хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнийн чөлөөлөлтийн асуудлыг ярьж болно. Үүний цаана хэрэглэгчдэд хүрч байгаа бүтээгдэхүүний үнийн асуудлыг анхаарах шаардлагатай болно. Улаанбуудай бол стратегийн хүнсний түүхий эд. Тэгэхээр улаанбуудайн үнийг чөлөөлчихвөл дараа нь гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ дээр асуудал гарч ирнэ.
Тиймээс улаанбуудай тариалж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдэд төрөөс тодорхой хэмжээний урамшуулал олгодог. Тухайлбал, улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгож байгаа. Тиймээс энэ чиглэлээр төрийн бодлого явагдаж байгаа учраас улаанбуудайн хомсдол, тариалалтад асуудал үүснэ гэж бодохгүй байна.
-Урамшуулал гэж ярилаа. Тариаланчдын зүгээс урамшууллаа бүрэн авч чадахгүй байгаагаа хэлдэг. Яагаад урамшууллыг нь гүйцэд өгөхгүй байна вэ. Төсөв мөнгөний хүндрэлтэй байна уу?
-УИХ-аас төсөв батлахдаа ХХААХҮ-ийн сайдын багц дээр төрөөс урамшуулал олгодог бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн тооцоог харж үзээд дунджаар нь тогтоогоод явчихсан зүйлүүд бий. Урамшуулал олгох төсөв санхүүг нь батлаад өгчихсөн. Тиймээс урамшуулал олгохгүй байх асуудал байхгүй болов уу гэж харж байгаа.
Бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жилийн тухайд улаанбуудайн чанар дээр асуудлууд гарч ирсэн. Үүнээсээ хамаараад чанарын асуудал дээр урамшуулал янз бүрээр олгогдсон зүйл байхыг үгүйсгэхгүй. Юутай ч салбар яамдын хувьд урамшуулал олгох хөрөнгө мөнгө нь байгаа. Зөвхөн улаанбуудай гэлтгүй хүнсний ногооны тонн тутам урамшуулал олгох шийдвэр сая гарлаа. Тухайлбал, 11 нэр төрлийн хүнсний ногоон дээр тонн тутамдаа 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон байгаа.
-Эдийн засагч хүний тань хувьд асуухад улс орны эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас хамаагүй бага гарахаар байгааг эдийн засагчид ярьж байна. Багасах болсон шалтгаан, нөлөөллүүдийг та юу гэж харж байна вэ?
-Эдийн засгийн өсөлтийг 2.6 байхаар төсвийн хүрээний мэдэгдэл дотроо баталчихсан. Цар тахлын болон гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс хамаарч гол экспортын бүтээгдэхүүний гаргалт буюу боомтын асуудал хүндэрсэн зэргээс болж эдийн засгийн өсөлт удааширч байгаа зүйл байна. Өөрөөр хэлбэл, хил гаалийн нэвтрүүлэх чадвар, боомт, тээвэр логистикийн асуудал хүндрэлтэй байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээнүүдийг төр засгаас шуурхай авч хэрэгжүүлж байна.
Тиймээс эдийн засгийн өсөлт тавьж байна зорилтдоо хүрчих болов уу гэсэн бодолтой байгаа. Сүүлийн жилүүдэд тохиолдсон хямрал бидэнд ч гэлтгүй дэлхийн бүх улс оронд нэг зүйлийг маш хүчтэйгээр мэдрүүллээ. Тэр нь аливаа улс орон дотоодынхоо үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлэх ёстой гэдгийг ойлгууллаа шүү дээ. Үүнийг би томоохон хөгжлийн суурь шалтгаан болох ёстой гэж харж байгаа. Тодорхой хугацааны ард гарчхаад харвал энэ цаг үе бидэнд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, импортыг бууруулах, экспортоо нэмэгдүүлэх зорилгыг өдөөсөн цаг хугацаа байсныг ойлгох болно.
Нөгөө талд уул, уурхай бол бидний гол орлого байгаа. Нүүрс, төмрийн хүдэр, зэс, алт зэрэг бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдгээр бүтээгдэхүүнийг боловсруулж гаргах асуудалд бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр тээвэр логистик, хил гаалийн нэвтэр чадвар тааруу байгаа энэ үед бид уул, уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлох нь олон талын эерэг ач холбогдол үзүүлнэ. Тиймээс аль болох бүтээгдэхүүнээ түүхийгээр шууд гаргахаас илүү боловсруулж гаргах асуудалдаа түлхүү анхаарах шаардлагатай байна.
Тэгж байж эдийн засгийн өсөлтийг бид бодитоор авчирж чадна. Уул, уурхай ч гэлтгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлохдоо нэмүү өртөг шингээж гаргах бодлого барих ёстой. Үүнд чиглэсэн бодлого шийдвэрийг саяхан УИХ-аас гаргасан. Тухайлбал, ноос, ноолуурыг ирэх жилээс эхлээд угааж, самнаад экспортлохоор болсон. Цаашлаад үүнийг илүү боловсруулах бүтээгдэхүүн болгох чиглэлээр ажиллах шаардлагатай. Үүнийгээ дагаад үндэсний үйлдвэрлэл сэргэх, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өсөлт бий болох зэрэг олон давуу тал гарч ирнэ.
-Нийгэмд улс төрийн тогтолцоо, сонгуулийн хуулийг өөрчлөх, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд хүчтэй яригдаж байна. Үнэхээр улс төрийн тогтолцоо гажуудалтай байна уу. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа юу?
-Нийгмийн санал хүсэлт, ярьж хэлж байгаа санаа оноог тусган авч ажиллах нь бидний үүрэг. Бид үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад хоёр жил болж байна. Энэ өөрчлөлтийг дагаад эрх зүйн тодорхой хэмжээний шинэчлэл хийгдчихсэн.
Сонгуулийн хуулийг эргэж харах, холимог тогтолцоогоор явах, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр сууриуд их яригдаж байна. Тиймээс эрх баригч намын хувьд нийгмийн зүгээс тавьж байгаа эдгээр саналуудыг нарийн судалж, нэгдсэн нэг шийдвэр гаргах ёстой. Ингэхийн тулд улс төрийн нам, иргэний нийгэм, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын хөгжилд яг ямар тогтолцоо нь илүү дээр вэ гэдгээ ярилцах ёстой. Үүнийг намын бүлэг дээрээ ярилцаж, нэгдсэн шийдвэр гаргах ёстой гэж ойлгож байгаа.
-Хөгжлийн банктай холбоотой шуугиан өдөр ирэх тусам намжих шинжтэй. Нөгөөтэйгүүр уг хэрэгтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурор хэд хэдэн гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Гэвч та хэд олонхоороо гишүүдээ авч үлдсэн. Ер нь гишүүдтэй холбоотой хэргийг прокуророос оруулж ирэхэд УИХ яагаад авч үлдчихээд байдаг юм бэ. Саналыг нь дэмжээд гишүүдээ явуулчихаж болдоггүй юм уу?
-Хөгжлийн банкны асуудлыг маш нарийн сайн шалгаж, зөв тогтоох ёстой. Ингэхийн тулд авсан зээл нь зориулалтаараа юу зориулалтын бусаар зарцуулагдаж уу, зээл чанартай байна уу, чанаргүй байна уу гэдгийг нэг мөр шалгаж гаргах ёстой. Үндсэн дээ хар цагааныг нь ялгах хэрэгтэй. Үнэхээр зориулалтаараа чанартай төлөлттэй байгаа асуудлыг цааш нь саадгүй явуулах шаардлагатай.
Зориулалтын бусаар зарцуулагдахгүй байгаа чанаргүй зээлүүдээ буцаагаад яаралтай татах ёстой. Ингэж байж дараагийн зээлдэгчдийн зээлийн эх үүсвэрийн хөрөнгийг бүрдүүлнэ. Хамгийн чухал нь ирэх жилээс нөгөө олон бондуудын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Тэрхүү эргэн төлөлтийнхөө хөрөнгийг бид эндээ бүрдүүлэх асуудал чухал байна. УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал орж ирсэн.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хурал дээр холбогдох байгууллагууд нь мэдээллээ дэлгэрэнгүй өгсөн юм билээ. Улмаар холбогдох байнгын хороонуудаар асуудал яригдаж, УИХ-ын чуулганаар орсон байгаа. Манайд мөрдөгдөж байгаа өнөөгийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар иргэнийг шалгахдаа 31 төрлийн аргаар мөрдөн байцааж болдог. Тэр утгаараа УИХ-ын гишүүнийг 27 аргаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох юм билээ. Тиймээс эдгээр аргуудаар ажиллах, улмаар буруутай буруугүй эсэхийг нь шийдчих боломж хууль, хяналтын байгууллагад бий гэж үзсэн. Дөрвөн зүйлээр УИХ-ын гишүүнийг шалгаж болдоггүй. Энэ бол гишүүн гэдэг утгаараа бус энэ бол УИХ-ын дархлаатай холбоотой асуудал.
Нөгөөтэйгүүр 2017 оны асуудал ярихдаа одоо гишүүн болсон байх эсэх нь хэрэг шалгахад үнэхээр нөлөөлж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болохоос өмнөх асуудлын зөв бурууг шалгахад одоо гишүүн байх эсэх нь нөлөөлөхгүй гэж үзсэн учир УИХ прокурорын саналыг дэмжээгүй гэсэн үг. УИХ-ын гишүүний гэрт нэгжлэг шалгалт явуулахад хаа байсан 2017 оны хэрэгт холбогдох материал байх уу, үгүй юү. Тэгэхээр прокуророос оруулж ирсэн санал бол УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх хангалттай хэмжээний үндэслэл биш байна гэдэг санаагаар холбогдох байнгын хороодын дүгнэлтүүд гарсан. Улмаар УИХ хаалттай хуралдаад ингэж шийдсэн.
-Гишүүдийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас дахин орж ирэх болов уу. Танд энэ талын мэдээлэл байна уу?
-Дахин орж ирэх эсэх нь хуулийн байгууллагуудын шалгалтын үйл явцаас л хамаарах асуудал байх. Түүнээс биш УИХ олонхоороо гишүүдээ хамгаалаад үлдчихсэн асуудал огт биш ээ.
-УИХ бол Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, тайланг нь сонсож, мэдээлэл авдаг байгууллага. Энэ утгаараа та УИХ-ын гишүүнийхээ хувьд өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг ямар байдлаар дүгнэж байна вэ?
-Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлийн харилцааг сонгоод парламентын тогтолцоонд шилжээд бид 30 гаруй жил боллоо. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ хууль батлах, төрийн бодлого тодорхойлох үйл явцаа илүү барьж явсан. Үүнд нэг зүйл харагдаж байгаа юм. Төрийн бодлого тодорхойлох эрх зүйн орчинг бүрдүүлэх энэ үйл явцаа хэрхэн хангагдан явж байна вэ гэдэгт тавьдаг хяналт функцийн асуудал үндсэндээ жаахан бүрхэг явчихжээ. Тиймээс сая УИХ Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль гэж тусгайлсан хууль баталлаа.
Үүгээрээ дамжуулан УИХ-аас батлан гаргасан хууль амьдралд яаж хэрэгжиж байгааг мөн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газар холбогдох байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байна вэ гэдгийг уг хуулиар зохицуулж өгч байгаа юм. Монгол Улсын Засгийн газрыг бололцооныхоо хэрээр ажиллаж байна гэж харж байгаа. Мэдээж амаргүй цаг үе өнгөрсөн. Одоо хийж байгаа ажлуудаа улам чамбайруулаад л явах ёстой. Төгс төгөлдөр ажиллаж байгаа гэж хэлэхгүй ч боломжийнхоо хэмжээнд сайн ажиллаж байгаа гэж хэлнэ.