Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдлийг хэлэлцэж байна
2022.05.05

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдлийг хэлэлцэж байна

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форум хэлэлцүүлэг болж байна.

Форумын ерөнхий зохион байгуулагчаар НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Экспорт олон улсын худалдааны төв, хамтран зохион байгуулагчаар Европын банк, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, Нэгдсэн үндэсний байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Юнидо, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Хөгжлийн шийдэл ТББ ажиллалаа. Шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнд бий болсон шинэлэг санаа, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилж, тухайн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, инновацын салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнг гаргах нь тус форумын үндсэн зорилго.

Р.Дагва: Хотын эдийн засгийг бэхжүүлэгч нь хувийн хэвшлийнхэн

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Нийслэл Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийнэ гэдэг өөрийн эрхэлж буй бизнес, нийгэмд хөрөнгө оруулж буй хэрэг юм. Хотод болоод хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдтэй хэрхэн хамтарч ажиллах, татварын болоод бодлогын дэмжлэгүүд, зохицуулалтуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нарийвчлан зааж өгсөн. Улаанбаатар хот цаашдаа ажиллаж, амьдрах арга ухаанаа шинэчлэх гэж хичээж байгаа.

Үүний суурь шинэчлэл нь дээр дурдсан хууль билээ. Хотын эдийн засгийг өнгөрсөн хугацаанд маш бага ярьсан. Хотын эдийн засгийг бэхжүүлж, томруулагч нь хувийн хэвшлийнхэн та бүхэн. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр эдийн засаг тэлэх боломжгүй. Улаанбаатар хотын эдийн засаг бол нэгэн төрлийн Оюутолгой. Гэтэл үүнийг огт анхаарч, анзаарч ярьдаггүй нь харамсалтай. Тиймээс хотын эдийн засгийг тэлэх үйлст хамтдаа хичээн зүтгэхийг уриалъя” гэсэн юм.

Г.Гангамөрөн: Импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй байна

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдлийг хайгаад зогсохгүй шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж буйгаараа онцлог юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнгөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгосон бэ. Ямар ямар шинэ содон бүтээл, санаа сэдэл гаргасан бэ?

-Энэхүү форумд Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг болон өв соёл, аялал жуулчлалын бүс нутагт VR, AR технологийг ашиглах, сургуулийн удирдлагын цогц шийдэл боловсруулан гаргах төсөл, Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хог хаягдлыг автомат машинд байршуулах механизмыг бий болгох төсөл, Нийслэлийн хот тохижилт, зүлэгжүүлэлтэд хонины ноосон бордоог нэвтрүүлэх төсөл, Хог хаягдлыг дахин боловсруулж мод суулгацын бортого үйлдвэрлэх төсөл, Хөрснөөс агаарт дэгдэх хүнд металл элементүүдийг багасгах зориулалттай тусгай бордоог нэвтрүүлэх зэрэг олон сонирхолтой төслийг хэлэлцэнэ. Мөн Автомашины элэгдсэн дугуйг дахин ашиглаж зах зээлд нэвтрүүлэх төсөл, Hipay төсөл зэрэг инновац шийдлийн гарааны бизнесийн төслүүдийг танилцуулж байна.

Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын 137 аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн инновац шингэсэн бүтээгдэхүүний танилцуулга бүхий төслөөс шалгаруулж эдгээр төслийг сонгосон. Шалгаруулахдаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд инновац шингэсэн байна уу, түүхий эд нь дотооддоо байж чадах уу, олон улсын чанар, стандартад нийцэх үү, нийгэм, эдийн засгийн үр нөлөө нь ямар вэ, эдгээр нь Улаанбаатар хотын ямар нэг тулгамдсан асуудлыг шийдэж чадаж байна уу, хотын эдийн засгийг тэлэхэд нөлөөлөх үү зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг голчлон анхаарч, өнөөдрийн 10 төсөл, хөтөлбөрийг сонгосон.

-Онцлог бүтээл, бүтээгдэхүүнийг хэрхэн дэмжих бол?

-Онцлог бүтээл олон бий. Өнөөдөр дэлхий нийт дижитал эрин зуунд амьдарч байна. Улаанбаатар хотод л гэхэд хүүхдийн боловсрол, сургуулийн орчин, сургалтын чанар, хүртээмж замын түгжрэлийн багагүй хувийг бүрдүүлж байна. Тэгвэл дижитал орчныг ашигласнаар нэгдүгээр сургуулийн сайн багшийн хичээлийг Сонгинохайрхан дүүргийн сурагчдад үзүүлэх боломж байгааг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарынхан маань гаргаж тавьж байна. Физикийн хичээл байлаа гэхэд яг тэр лабораторид нь очсон мэтээр суралцахуйц төслийг танилцуулж байна. Мөн хог хаягдал болон хаягдаж байгаа хуванцар, лааз, шилийг түүхий эд болгон ашиглах төслүүд ч бий. Инновац технологи шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгчдийг, старт ап компаниудыг дэмжиж, хамтарч ажиллах, олон улсын байгууллагаас хөрөнгө санхүү татах өгөх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх байдлаар Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх алхмыг эхлүүлэх юм.

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж хэр байна вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар ДНБ-ий 18.7 хувийг, экспортын 2.4 хувийг бүрдүүлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг эзэлдэг хэр нь эдийн засгийн бүтээмж, үр ашиг харьцангуй бага байгаа тул инновац, технологи, шинэлэг санааг эрэлхийлэх ёстой. Импортын бараа бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй байна гэлээ.

Өнөөдрийн форумаар инновац, технологийн шийдлийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодит шийдвэр, үр дүн гаргахыг эрмэлзэж байгаа бөгөөд шалгарсан аж ахуйн нэгжүүд ч бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Д.Батжаргал: Хуванцар хаягдлын зургаахан хувиар есөн сая бортого үйлдвэрлэх боломжтой

“Эко парк Улаанбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал:

-Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос нарийвчилсан судалгаа хийсэн. Манай холбоонд хог хаягдал дахин боловсруулдаг 54 үйлдвэр нэгдсэн. “Эко парк Улаанбаатар” компанийн зүгээс энэ төслийг хэрэгжүүлэх эрмэлзэл байгаа. Улсын хэмжээнд нэг тэрбум мод тарихыг зорьж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1.4 сая тонн хатуу хог хаягдал гардаг. Үүний 2400 тонн нь бортого үйлдвэрлэх түүхий эд буюу хуванцар хаягдаж байгаа. Үүнээс зургаахан хувь буюу 150 тонныг боловсруулахад есөн сая бортого үйлдвэрлэх боломжтой. Тиймээс улс, хот, хувийн хэвшлийн аль нь ч бай захиалга өгөөд есөн сая бортогыг импортоор авах бус, дотоодоосоо худалдан аваач л гэж хүсэж байгаа юм.

Ц.Цолмонбаяр: Ухаалаг хотыг хөгжүүлэх нь зөвхөн төр, төрийн байгууллагын үүрэг биш

“Хангал системс” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Цолмонбаяр:

-Сууц өмчлөгчдийн холбооны esukh.mn системийг 2016 оноос хөгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн 50 гаруй хотхон, 24 мянга гаруй айл өрх нэгдсэн. Гол давуу тал гэвэл СӨХ болон оршин суугчдын харилцаанд гардаг асуудлыг шийдвэрлэдэг. Цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй харилцаж, асуудлаа шийддэг, тэр нь хадгалагдаад үлдэхийн сацуу өгсөн хөрөнгө мөнгө нь юунд зарцуулж байгааг шууд харах боломжтой.

СӨХ-ны хувьд үйл ажиллагаагаа ажил хэрэгчээр зохион байгуулахад их дөхөм болдог. Манай системийг хэрэглэсэн газрууд сэтгэл хангалуун байдаг. Хувийн хэвшил, иргэд хамтран амьдарч буй орчноо сайхан болгох зорилготой. Ухаалаг хотыг хөгжүүлэх нь зөвхөн төр, төрийн байгууллагын үүрэг биш. Иргэд өөрсдөө ч эвлэлдэж нэгдээд хийх боломжтой гэдгийг хэлмээр байна. Харин төрийн зүгээс бүх юманд оролцож, хүндрэл учруулахгүй, ажиллах нөхцөл боломжоор хангахад л байхад л хангалттай гэсэн юм.

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форум хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn