Эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөвлөлийн бүрэлдэхүүнийг огцрохыг шаардав
2022.05.11

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөвлөлийн бүрэлдэхүүнийг огцрохыг шаардав

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооны асуудлын талаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл Үндэсний зөвлөлд 30 хувийг нь хангадаг байсан бол нэг хүн болгож цөөлсөн. Оронд нь улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд орсон. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг учраас маш олон лоббины хүмүүс орж эхэлсэн. Ороод даатгал төлөгчдийн мөнгийг банканд алдах ажиллагааг хийсэн. Иймд

  1. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох
  2. Банкуудад байгаа өр төлбөрийг нийтэд нээлттэйгээр ил тод зарлах
  3. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй явуулах шаардлагыг хүргэж байна.

Тайлангаас нь харахад 30-аад байрыг эрүүл мэндийн даатгалын газрын ажилчдад давуу эрхээр худалдаж олгосон гэж байна. Үүнийг яагаад олон нийтэд нээлттэйгээр дуудлага худалдаагаар худалдаагүй вэ. Хүмүүс даатгал төлөөд үр ашгийг нь хүртэх ёстой.

Дэмбэрэл даргыг хэдэн хүн гарын үсэг зураад даатгуулагчдыг төлөөлүүлсэн. Дэмбэрэл даргын хувийн ур чадвар, туршлагад итгэж байна. Гэхдээ институтыг төлөөлөх хүн биш. Даатгуулагчдын мөнгийг банкуудад алдах шийдвэрт гарын үсэг зурсан хүн. Тийм учраас давхар хяналтаа байгуул. Мөн Цолмонгэрэл гэж хүн даатгуулагчийг төлөөлдөг гэсэн хэрнээ гадаадад амьдардаг хүн юм. 12 удаа хуралдахад нэг л удаа хуралд суусан гэсэн. Даатгуулагчийг төлөөлөх ямар ч эрх зүйн боломжгүй хүмүүсийг улс төрийн лоббигоор тавиад мөнгө алдах ажиллагааг явуулж байгаа нь зохион байгуулалттай зүйл.

Үндэсний зөвлөл, хууль нь шийдэх байх гэж харсаар байтал олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Даатгуулагчид мөнгийг нь аль банканд хадгалж байгааг мэддэг байх нь зүйтэй. Өрөнд хураагдсан өмч хөрөнгийг ил тод байлгахыг шаардаж байна" гэв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үргэлжлүүлэн тэрбээр "Эрх хүлээн авагч Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг банкаар дамжуулж зээл авсан хүмүүсийг олон нийтэд энэ Баасан гараг гэхэд зарлахыг шаардаж байна. Зарлахгүй бол МҮЭХ даатгуулагчдынхаа хамт тэмцлийн хэлбэрт шилжих болно. Гурван жил хүүгүй мөнгө идлээ, одоо болно” гэв.