Нэгдсэн үндэстний байгууллага Завхан аймагт ажиллалаа
Завхан аймгийн Улиастай суманд Нэгдсэн Үндэстний байгууллагын суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон Монгол Улс дахь Удирдлагын баг, НҮБ-ын Хүн, амын сан, Хүнс, ХАА байгууллага, Хүүхдийн сангийн төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Б.Баярсайхан уулзаж хүүхэд хамгаалал, хүчирхийлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.
Уулзалтын хүрээнд аймгийн малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлийг чөлөөтэй болгож малчдын хөгжлийг дэмжих, сум, орон нутгийн хөгжлийг сайжруулах, малын бэлчээрийн даацийг тогтворжуулах чиглэлээр Завхан аймгийн нутгийн удирдлага, НҮБ, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд хөдөө, орон нутагт үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн хүссэн бөгөөд ноён Тапан Мишра болон түүний баг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол улсын хүн, ам, хөгжил, цэцэглэлтэд чин сэтгэлээсээ анхаарал хандуулан ажиллаж буй эрхэм Тапан Мишра болон НҮБ-ын Монгол улс дахь удирдлагын багт Б.Баярсайхан гишүүн талархал илэрхийллээ.