Орон сууц болон байшин хороололд өрнөх 2022 оны бүтээн байгуулалтын ажлууд үе шаттайгаар хэрэгжиж эхэллээ
НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын удирдлагуудын хамтаар өнөөдөр /2022.04.06/ Улсын Их хурлын 28 дугаар тойргийн 26 хорооны Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, УИХ-ын гишүүн Н.Учрал, П.Анужин болон Э.Батшугар нарын ажлын албаны бие төлөөлөгчид мөн оролцов.
Хурлаар Улс, Нийслэл, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хороодод гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн явц, тулгамдаж буй нийтлэг асуудлуудын талаар санал солилцож, холбогдох шийдвэрүүдийг танилцууллаа.
Тодруулбал, нийт орон сууц болон байшин хороолол хосолсон хороодод гадна фассат, дээвэр, лифт засварлах, тоглоомын талбайн шинэчлэл зэрэг асуудлууд тулгамдаж байгааг тус хороодын Засаг дарга нар хөндөж байв. Харин гэр хороолол бүхий хороодын хувьд шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа дэд бүтцийн /автозам, тээвэрлэлт, эрчим хүч, усан хангамж/ асуудлуудыг танилцуулав.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “ Бид тэрхүү тулгамдаж буй асуудал болон гүйцэтгэх шаардлагатай байгаа саналуудыг Нийслэл болон тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран шат, шатанд шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээлээ.
Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн энэ өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлт болон тохижилт, нийтийн аж ахуйн олон ажил өрнөж байна. Тухайлбал 15,16 дугаар хорооны нийтийн эдэлбэр талбайн чөлөөлөлт, Байшин хорооллын шороон замыг хусаж тэгшлэх, Эрчим хүчний уналттай айл өрхийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх, Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Орон сууцнуудын фассатыг стандартын дагуу засварлах, Гэр хорооллын ариун цэврийн байгууламжыг шинэчлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэх юм.