2022.03.07

Ховд аймгийн Цагдаагийн алба хаагчидтай уулзлаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тал хувь нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал байдаг. Тийм ч учраас ниргэсэн хойно нь хашгирдаг байдлыг халах гэж энэ хуулийг УИХ-р батлуулсан. Иймд урьдчилан сэргийлэх ажилд зөвхөн цагдаа, хууль хяналтын байгууллага биш иргэд олон нийтийг хамруулж, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажлаа эрчимжүүлэхийг тэрээр үүрэг болголоо.

Ажилдаа чин сэтгэл, зүтгэл гаргаж байгаа хүнийг амжилт үргэлж дагадаг. Иймд алба хаагчиддаа хандлагаа өөрчилж, өөрсдийгөө хөгжүүлэн хүнлэг байж, торгох шийтгэхээ урьтал болголгүй иргэддээ зөвлөх, туслалцаа үзүүлэх байдлаар ажиллахыг анхаарууллаа.

Түүнчлэн уулзалтын үеэр хэд хэдэн томоохон дэмжлэгийг үзүүлэхээр болов. Үүнд:

Тодорхой цэгүүдэд авто машины дугаар танигчтай камер байршуулах

Ирэх оны төсөвт шинэ конторын барилгыг тусгах

Цагдаагийн алба хаагчдын орон сууцны газрыг шийдвэрлэх

30 алба хаагчийг гэр бүлийн хамт дотоодод аялах эрхийн бичгээр урамшуулах

Алба хаагчдын энгэрийг камержуулах зэргийг шийдэхээр боллоо.

Цаашлаад мөрдөгч нарын цалинг эхний ээлжинд нэмэх зэргээр цалингийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарах болно.

Төр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй алба хаагчдаа нэгэн үе энэ салбарын тогоонд хамт чанагдан явсан хүнийхээ хувьд үргэлж дэмжиж, үйл ажиллагааг нь илүү сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа С.Бямбацогт гишүүн онцоллоо.