ТАЗ-ийн хүний нөөцийн аудит хийх баг УБЕГ-т ажиллалаа
Төрийн албаны зөвлөлөөс 2022 онд төрийн албаны “Чадахуйн зарчмын хэрэгжилт” сэдвийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн үйл ажиллагааны 23 асуудлыг хамруулан Засгийн газрын яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагад хүний нөөцийн аудитыг хийхээр төлөвлөжээ.
Үүний хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон тус газрын нийслэл, орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, нэгжүүдэд хүний нөөцийн аудит хийх баг томилогдон тус байгууллагад ажлаа эхлүүллээ.
Хүний нөөцийн аудит хийх багийн ахлагчаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, гишүүнээр Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга В.Пүрэвдагва нарын бусад гишүүд, нарийн бичгийн даргаар ахлах шинжээч Д.Бишүүгарам нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Хүний нөөцийн аудит нь төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа хууль тогтоомж, чадахуйн зарчимд нийцэж байгаа эсэхийг үнэлэх, баталгаажуулах зорилгоор бодит нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргаж, хэрхэн засаж сайжруулах талаар зөвлөмж өгөх, түүний хэрэгжилтийг хангуулах хараат бус, бие даасан үйл ажиллагаа юм.