“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.11) хуралдаан 11 цаг 07 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын гурван гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Эхлээд “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Танилцуулгадаа “Стратегийг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажилласан. Ажлын үр дүнд хүү тасралтгүй буурч, тодорхой түвшинд хүрээд байна. 2021 оны эцсийн байдлаар зээлийн дундаж хүү стратеги батлагдсан үетэй харьцуулахад 2.5 нэгж хувиар, өнгөрсөн оныхоо мөн үетэй харьцуулахад 1.3 нэгж хувиар тус тус буурч, өнөөдрийн байдлаар жилийн 14.5 хувьд хүрлээ. Стратеги хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2023 оны эцэст сарын 1 хувь буюу жилийн 12 хувьд хүрэх зорилт бий. Энэ бол дундаж хүү. Хэрвээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бусад хөтөлбөрийн зээлийн хүүг үүнд оруулж тооцвол дундаж хүү 13.8 хувь буюу сарын 1.15 хувьд хүрч буураад байна” гэв. Тэрбээр мөн стратеги төлөвлөгөөнд туссан зарим арга хэмжээний биелэлтийг танилцуулсан.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав.