Төв аймаг ургац арвинтай байна
2009.09.18

Төв аймаг ургац арвинтай байна

Хөдөө орон нутагт ургац хураалт ид өрнөж Төв аймаг гэхэд л энэ жил сүүлийн 18 жил авч байгаагүй арвин ургац авах төлөвтэй байна. Энэ нь Атрын 3 дахь аяны хүрээнд Засгийн газраас шаардлагатай бүх арга хэмжээг авч, тариланчид ч урам зоригтой ажиллаж байгаагийн үр дүн юм. Мөн дээр нь энэ жил тэнгэр хангай ч ивээлээ харамгүй хайрлаж байна.
Төв аймаг энэ жил 53 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо болон таримал тэжээл тариалжээ. Атрын 3 дугаар аяны хүрээнд өнгөрсөн жил уринш боловсруулалтад зээл олгосноор энэ жил тариалалт 30 гаруй мянган га-гаар нэмэгджээ.
2009 оны 9 дүгээр сарын 16-ны байдлаар аймгийн хэмжээнд төмс 8292 тонн, хүнсний ногоо 1059 тонн, үр тариа 1746 тонн, үүнээс улаан буудай 1707 тонныг хураагаад байна.

Жаргалант сум :

Төв аймгийн Жаргалант сум энэ жил 10025 га-д үр тариа, 1285 га-д төмс, 38 га-д хүнсний ногоо тариалжээ. Урьдчилсан байдлаар үр тариа га-гаас 12 цнт, төмс 14-15 цнт-ийг хураах төлөвтэй байгаа ч га-гаас авах ургац үүнээс арвин байгаад тариаланчид сэтгэл хангалуун байна.
Жаргалантын шар төмсөө брэнд болгож чадсан “Жинсрэгт хайрхан” компани энэ жил 40 га-д төмс, хүсний ногоо тариалсан байна. 30 га-д өөрсдийн тариалалтаа хийж үлдсэн 10 га-г нутгийн иргэдэд зориулан тариалалтыг нь хийж өгчээ.
Жинсрэгт хайрхан компани нутгийн 100 гаруй иргэнийг ажлын байраар хангаж ажиллуулж байна. Сумын төвд хийх ажилгүй байсны оронд өдрийн 3 хоолтой, дээр нь цалин авдаг учир иргэд ч ургац хураалтад оролцож заншжээ. Жинсрэгт хайрхан компани мөн Хилийн цэргийн 0151 дүгээр ангитай гэрээ байгуулан 20 албан хаагчийг ургац хураалтад оролцуулж байна. Үүний хариуд компаний хамт олон цэргийн ангийн өвлийн хүнсний төмсний хэрэгцээг хангадаг болсоор цөөнгүй жилийг үджээ.
Харин Батлан хамгаалахын их сургуулийн хичээл ирэх сарын нэгэнд эхлэх учир оюутнууд сайн дураараа энд ирж өдрийн 6 мянган төгрөгөөр цалинжин ургац хураалтад хувь нэмрээ оруулж байна.
“Жинсрэгт хайрхан” компани энэ жил Голланд, Германы 4 сортын төмс тариалсан бөгөөд эдгээр сорт нь ургац, амт, чанар, болцын хувьд монгол төмснөөс давуу, ургац ч илүү өгдөг тухай тус компаний зөвлөх Д.Баасанжав ярьж байсан юм.
Томоохон аж ахуйн нэгжүүдийг эс тооцвол жижиг аж ахуйн нэгж, хувь хүмүүс хураасан төмс, хүнсний ногоогоо борлуулах гэж багагүй хүндрэлтэй тулгарч байна. Нийслэл хоттой ойр сумдын тариаланчид ногоогоо хотод авчирч зардаг ч ашигтай талбай тэр бүр олддоггүй тухай ярьж байлаа. Төв аймаг шинэ ургацаа Хархорин захад борлуулахаар талбай авсан ч тариаланчид оновчтой байрлал биш гэж үзэж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан юм.
Дамжлага ихтэй байгаагаас төмс, хүнсний ногооны үнэ дорвитой буурахгүй байна. Ченжүүд тариаланчдаас төмс, хүнсний ногоог 200-300 төгрөгөөр бөөнөөр нь худалдан авч 2-3 дахин их үнээр борлуулж ашиг олдог. Нийслэлээс хол байх сумдынхан тээврийн зардал зэрэгтээ хавчигдан ченжүүдийн хэлсэн үнээр нь ногоогоо өгөхөөс өөр аргагүй болдог нь жилийн жилд давтагдсаар л. Хэрвээ аймаг, орон нутаг, төр, засаг зохицуулалт хийгээд өгвөл ченжүүдийн гар харалгүй өөрсдөө хямд үнэтэй төмс, хүнсний ногоогоор нийслэлчүүдийг хангах боломж бүрэн байгаа гэж ярьж байлаа.
Жаргалант сумын нутагт сүүлийн жилүүдэд хэдэн арван мянган тогоруу нүүдэллэн ирж тариа сүйтгэх нь хэрээс хэтэрч байна. Хөх баян бүрд компани гэхэд л өнгөрсөн жил 70 сая төгрөгийн тариагаа тогорууны “хоол” болгожээ. Аргагүйн эрхэнд машинтай, буутай хүнээр тариагаа мануулж, байнга дуу, чимээ өгч үргээж байгаа ч тэр бүр үр дүнд хүрэхгүй, устгах гэхээр тогоруу алдаггүй гэсэн итгэл, үнэмшил өнөөг хүртэл монголчуудын дунд байгаа болохоор яаж ч чаддаггүй гэнэ.
Жигүүртэн шувууг газар, тариалангийн бүс нутгаас гаргах ямар ч аргагүй учир үр тариандаа ангилан хадалт хийлгүй шууд үтрэмийн талбай руу зөөх нь зүйтэй гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан үзэж байгаа бололтой.

Аргалант сум :

Төв аймгийн Аргалант сум энэ онд 1855 га-д үр тариа, 45 га-д төмс, 44 га-д хүнсний ногоо тариалжээ. 2009 оны 9 дүгээр сарын 16-ны байдлаар үр тариа га-гаас 24,2 цнт, төмс 90 цнт, хүнсний ногоо 104 цнт-ийг хураагаад байна.
“Аргалант-Атар” компани 1000 га-д тариалалт хийсэн бөгөөд ургац арвин, хамгийн гол нь бороо хургүй байвал төлөвлөсөн хугацаандаа ургацаа хураагаад авах боломжтой байна.

Засгийн газраас газар тариалангийн салбарыг дэмжиж байгаа ч цаашид боловсон хүчнээ бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй байгааг компаний захирал Ч.Бачраа ярьж байлаа. Учир нь нэг хэсэг уналтад орж, боловсон хүчний бодлого алдагдсанаас одоо ажиллаж байгаа трактор, комбайнч нар нь 50 нас хэдийнэ гараад байгаа юм.
Газар тариалангийн бүс нутгаар явж байхад тариаланчид, малчдын дунд гардаг маргаан энэ жил ч мөн хэвээр л байна. Малчид, тууварчид тариан талбай руу мал сүргээ оруулж сүйтгэдэг. Бүхэл бүтэн тариан талбай руу 50 адуугаа оруулсан хүнд торгууль ногдуулдаг ч ганц, хоёр адууны үнээр торгуулиа төлчихөөд явчихдаг. Харин цаана нь асар их хэмжээний тариа сүйдээд үлддэг тухай ярих хүн ч таарлаа. Тариагаа хамгаалж хашаа татдаг ч малчид торыг нь тасдаад малаа оруулдаг, зарим малчин тариа гэж юу байдгийг мэддэггүй гэж ээв хэг хэлж зогсож байсан удаатай гэнэ. Иймээс хавар тариалалт эхлэхээс ургац хурааж дуусах хүртэл хугацаанд газар тариалангийн бүс нутагт малтай иргэд, тууварчдыг суурьшуулахгүй байх арга хэмжээ авахыг тариаланчид төр, засгаас хүсч байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.