2021.12.10

Т.Энхтүвшин: Цаашдаа эрчим хүчний хараат байдлаас гарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.10/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Энэ төслийг дэмжиж байна. Цаашдаа эрчим хүчний хараат байдлаас гарахгүй бол аймаг, орогн нутгаа хөгжүүлэх, үйлдвэр барих, эдийн засгаа тэлэх зэрэг асуудлыг цаашдаа ярих хэрэггүй. Тийм учраас усан цахилгаан станц ч бай, нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эрчим хүчний томоохон үйлдвэрийг барих шаардлагатай. 

  • Энэ усан цахилгаан станцаас хэдэн километр газрыг нөлөөллийн бүс гэж авсан байгаа вэ? 
  • Дараагийн асуудал бол нөхөн олговор гэх зүйл ярьж байна. Түүнийг тооцдог арга, журам байдаг уу? 

Яагаад үүнийг бодитой ярьж байна вэ? гэхээр Зүүнбаянгаас Тавантолгой хүртэл олон айлууд энэ нөлөөллийн бүсэд хамаарч байсан. Хэнд ч нөхөн олговор олгоогүй. Харин сум орон нутгийн удирдлагууд эдгээр айлуудыг шилжүүлэн байршуулах, холбоотой зардлыг гаргах, худаг гаргаж өгөх асуудал байдаг. Энэ асуудлыг сум, орон нутгийн удирдлага, төсөл хэрэгжүүлж байгаа газар иргэдэд зөв ойлгуулах асуудал хамгийн чухал. 

Маш олон хүрэн нүүрсний орд байна. Тухайлбал Эрдэнэцогтын хүрэн нүүрсний орд 7,5 тн нүүрстэй орд байна. Зүүн болон говийн бүсэд дутагдаж байгаа газруудыг эрчим хүчээр хангахгүй бол цаашдаа ч баяжуулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор барина гэдэг хүндрэлтэй. Энэ асуудлыг ч яаралтай шийдэх хэрэгтэй. "Хэрлэн говь" төслийг яаралтай шийдэх хэрэгтэй. 

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариулав.