2021.11.24
Ц.Мөнхцэцэг: Сонгуульд өрсөлдөх зардал их учир эмэгтэй нэр дэвшигчдэд хүндрэл тулгардаг
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, КОЙКА олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд “Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, Ц.Мөнхцэцэг “МУ-ын Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлдээ, “1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хуулийг 2011 онд батлан хэрэгжүүлсэн. УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх квот тусгаж өгсөн. Хууль эрх зүйн хувьд олон сайн зохицуулалт, хэм хэмжээг тусгаж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч тухайн хуулийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах олон асуудал бий. Жишээлбэл, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг хэр нь шийдвэр гаргах түвшин буюу УИХ, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй.
Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиудаар хүйсийн тэгш байдлыг хангах зарчмын зохицуулалт байдаг. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-д нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна хэмээн заасан байдаг. Гэвч сонгуульд өрсөлдөхөд зардал их учир одоогийн нөхцөлд эмэгтэй нэр дэвшигчдэд ихээхэн бэрхшээл тулгардаг. Зарим улс төрийн нам нэр дэвшигчдээсээ дэнчин хэмээх мөнгө татдаг нь нэр дэвших хүсэлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн боломжийг хаасан.
Иймд Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог сайжруулахдаа төрөөс Улс төрийн намд олгох санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэй улс төрчдийг бэлтгэх, сургах ажилд зарцуулахаар хуульд тусгах нь зүйтэй. Мөн намын бүтэц, шийдвэр гаргах үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг хуульчилна.