БНПУ-ын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзав
2021.11.23

БНПУ-ын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевска энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүнийг, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт өнөөдөр (2021.11.23) хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд Дэд маршал Малгожата Гошевскатай 2019 оны 12 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэр нь уулзаж байснаа эргэн санахад таатай буйгаа илэрхийлээд, өнгөрсөн онд тохиосон Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын парламентын дэд дарга нарын түвшинд харилцан айлчлал хийж, Улаанбаатар хотноо Польшийн соёлын өдрүүд зохион байгуулагдаж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.

БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскагийн урилгаар Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНПУ-д айлчилсан юм.

Дипломат харилцааны ойн хүрээнд Улаанбаатар хотноо Ф.Шопений нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын III уралдаан, Польшийн кино өдрүүд, “Монгол-Польшийн хамтын ажиллагаа: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд Польшийн санваартан Бенедикт Полакийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа билээ.

Хатагтай Малгожата Гошевска “Хоёр жилийн өмнө Та бид хоёр уулзаж байх үедээ хөндөж байсан, Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг нээх асуудал амжилттай хэрэгжсэнийг дуулгахад таатай байна. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд, эрчимтэй хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй” гэж үгийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр улс төр, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь хоёр орны хувьд чухал. Үүний дотроос эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал гэж бид үзэж байгаа. Энэ удаагийн айлчлалын үеэр геологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурж байгаад баяртай байна. Манай айлчлалын бүрэлдэхүүнд БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио, уул уурхайн “КГХМ” компанийн төлөөлөгчид багтан ажиллаж байна” гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Польш Улс манай улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч, Монгол Улсад Элчин сайдын яамаа дахин нээхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, энэхүү шийдвэрийг гаргахад дэд маршал, хатагтай Малгожата Гошевска чухал хувь нэмэр оруулсныг Монголын тал өндрөөр үнэлж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол, Польш нь эртний түүхэн холбоотой бөгөөд Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн жилүүдэд монгол залуус Польшийн туршлагаас суралцаж, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний үзэл санааг сонгон авч, хэрэгжүүлсэн түүхтэйг дурдаад, оюутан ахуй цагтаа Варшавт зочилж, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийхөнтэй уулзаж байснаа дурсав.

Түүнчлэн геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах болсныг сайшаагаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд боломж их бий гэлээ. Мөн хоёр талын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэж, УИХ болон Польшийн Сейм, Сенат дахь парламентын бүлгүүд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бататгахын чухлыг тэмдэглэлээ.

Хатагтай Малгожата Гошевска Монгол Улсад ардчиллыг өрнүүлэх үйл хэрэгт “Эв санааны нэгдэл”-ийн зүтгэлтнүүдийн оролцоо байсныг сонсоход таатай байна. Хойч үеийнхэн маань энэхүү түүхэн үйл хэргийг мартахгүй байх нь чухал юм. Тиймээс энэ сэдвээр хамтарсан үзэсгэлэн гаргавал сайнсан. Энэ арга хэмжээг Сеймийн зүгээс дэмжихэд бэлэн байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд Польшид их, дээд сургууль төгсөгчдийг хамруулан зохион байгуулах боломжтой гэв.

Уулзалтын төгсгөлд тэрбээр дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Гадаад хэргийн сайд Збигнев Рау нар 2022 онд Монгол Улсад айлчлахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко, БНПУ-ын Сеймийн дэд маршалын зөвлөх Мажэна Чихожэвска, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны яамны Геологийн хяналт, геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын газрын Олон улсын асуудал хариуцсан хэлтсийн дарга Михал Новошелски, Улсын геологийн албаны Улсын судалгааны хүрээлэнгийн дэд дарга Анджэй Глушиньски нарын зэрэг албаны хүмүүс оролцов.