2021.11.02
Боловсролын багц хуулийн талаарх цахим хэлэлцүүлэг боллоо
Боловсролын багц хуулийн талаарх хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнууд 10 сарын 28,29-ний өдрүүдэд цахимаар оролцлоо. Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулсан билээ.
Хэлэлцүүлгийн үеэр дараах нийтлэг саналуудыг хэлэлцэн шинэ хуулинд оруулах саналаа хүргүүллээ:
СӨБ-ын багш, удирдлагуудаас ирсэн гол санал:
- СӨБ-ын төвшинд стандартад суурилсан сургалтын технологийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан оношлох, оношилгоонд тулгуурлан хөгжүүлэх,
- Боловсролын салбар дахь эцэг эхийн оролцоо, дэмжлэг, хариуцлагыг хуулинд тодорхой зааж оруулах
- Тусгай хэрэгцээт шаардлагатай хүүхэд хүлээн авч буй цэцэрлэгт сургалтын орчин болон сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг үзүүлэх
- Туслах багш, цэцэрлэгийн туслах ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлыг тусгах
- Тэтгэвэрт гарах насыг тухайн албан хаагчтай санал тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэдэг болгох
- СӨБ-ын сурах бичиг болон дагалдах багшийн ном, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, хүүхдэд зориулсан сургалтын материал бэлтгэн багш нарт хүргэх зохицуулалт хийх,
ЕБС-ын багш, удирдлагуудаас ирсэн гол санал:
- Тусгай хэрэгцээт боловсролын заалтыг нарийн тусгаж өгөх
- Сургалтын чанар, хяналтын тогтолцоог шилжүүлж байгаатай холбоотойгоор Боловсролын үйл ажиллагааны талаар хяналт шалгалтыг тогтолцоондоо дагалдах хууль, тогтоомжид зүйл, заалтаар тусган оруулах
- Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сонгохдоо хамт олны саналыг авдаг байх, Томилгоог мэргэжлийн байгууллага томилдог байх
- Бүх нийтээр 12 жилийн сургалттай болно гэж байгаа нь зохимжгүй байна. 9-р ангиа төгсөөд ажил дээр гарах МСҮТ-д орох эрх хэвээр үлдээх. Сурагчид анги дэвшиж 85%-даа орох идэвх буурч байна.
- Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих газрыг хуулинд маш нарийн оруулах
- Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих барилгын материал сонгох стандартыг хуулинд нарийн тусгаж оруулж өгөх
- Зөвлөх, тэргүүлэх багш нар туршлагаа түгээн дэлгэрүүлж ном сурах бичиг, гарын авлага гаргадаг ч хэвлэх, олшруулах, сонголттойгоор авч хэрэглэдэг байхаар сургуулиудын номын санд байршуулдаг чөлөөт зах зээлийг бий болгох боломжийг бүрдүүлэх
- Эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо үүрэг хариуцлага дээр шинээр бүлэг, зүйл заалтыг нэмэх гэсэн саналуудыг тавилаа.