Багш нарын суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр дээшлүүлнэ
2021.10.20

Багш нарын суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр дээшлүүлнэ

Засгийн газрын гишүүд сэтгүүлчидтэй ээлжит уулзалтаа яг одоо хийж байна. Энэ удаагийн уулзалтад БХБ, БШУ, ХХААХҮ, Сангийн сайд нар оролцож байна.

Уулзалтын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын байгууллагын удирдлагын томилгоог улстөрөөс ангид, мэргэжлийн байдлаар хийх шаардлагатай байгааг онцлов. Хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгүүдийн ялгаа их байгаа учир тэгш байдлыг тогтооно. Багш нарын цалин урамшууллыг үйл ажиллагааны чанар, үр дүн, гүйцэтгэлд тулгуурлан хувьсах зардлыг бодитоор үнэлэн санхүүжүүлж байх тогтолцоонд шилжих учиртайг тодотгож, багш нарын суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр дээшлүүлэхээ мэдээллээ.


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ирэх онд мал эмнэлгийн үйл ажиллагаанд 32.2 тэрбум төгрөгийг төсөвлөж буйг дуулгалаа. ЖДҮ эрхлэгч нарт 79.8 тэрбум төгрөгийн зээл олгоно. Нийтдээ ХАА-н салбарт 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шинээр хийхээр төлөвлөж буйг онцоллоо.

Тус салбарынханд олгож буй газар тариалан, мах бэлтгэл, сүү, ноос, ноолуурын урамшуулал, татаасыг үр дүнгийн гүйцэтгэлд тулгуурлан олгохоор 88.4 тэрбум төгрөг хуваарилахаар болсныг мэдээллээ. Тэрээр ургац хураалтын байдлыг мэдээлэхдээ, үр тариа хураалт өнөөдөр газар дээрээ 74 хувьтай үргэлжилж байна гэв.


БХБ-ын сайд Б.Мөнхбаатар барилгын материалын үнэ дээр дулаалгын материалын эрэлт ихсэж үнэ хамгийн их өссөнийг мэдээллээ. Манай улс дотооддоо дулаалгын материал үйлдвэрлэдэг ч тус материалд ордог бөмбөлгийг импортолдог учир хил, гааль, тээврийн хязгаарлалтын хүндрэлээс болж тасалдаад байгаа гэв. Барилгын материалын үнийн өсөлтөд эрэлт, нийлүүлэлтээс илүү тээвэр, ложистикийн саатал ихээхэн нөлөөлж ирснийг Сангийн сайд Б.Жавхлан тодотгож байв.