2021.09.09
1000 хүний суудалтай Спортын ордны шав тавив
Аймагт 1000 хүний суудалтай Спортын ордон барих шавыг өнөөдөр тавилаа. Барилгын санхүүжилт улсын төсвийн 7,9 тэрбум төгрөг ба "Биг монголиа бюлдинг" ХХК гүйцэтгэх аж.
2023 оны 3-р улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ордон наадмын талбайн зүүн талд сүндэрлэх юм.
Уг төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачилж, ордны зураг төслийг 2019 онд БСШУС-ын сайдын багцын санхүүжилт 140,0 сая төгрөгөөр "Критив монголиа" ХХК гүйцэтгэж байжээ.
Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал нар болон тамирчдын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр самбо, жүдо бөхийн ОУХМ Л.Рэнцэндорж сэтгэгдлээ хэллээ.
Тэрээр анхны спорт хороо аймгийн 40 жилийн ойгоор, одоогийнх нь 80 жилийн ойгоор Архангайнхны хандив тусламжаар баригдаж байлаа. Харин бид улсын төсвийн хөрөнгөөр анхны ордонтой болох гэж байна. Аймгийнхаа 100 жилийн ойгоор ийм том бүтээн байгуулалттай болж байгаад өвгөн миний бие үе үеийн тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Эндээс бөх төдийгүй бүх спортоор тив дэлхийн тамирчид төрөн гарах болтугай гэв.