“Хүмүүн хорвоо” нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын 15 ном хэвлэгдээд байна
"Хүмүүн хорвоо" нийгэмлэгийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, нэрт дипломатч, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, нэрт нийтлэлч Баабар, Б.Цэнддоо, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар 2013 онд санаачлан байгуулжээ.
“Хүмүүн хорвоо” нийгэмлэг нь Монгол Улсын төр, түүхийн судалгаа хийх, их түүхийн эгэл бодит үнэнг тодруулах, өнгөрсөн эдүгээгийн Монгол түмний нэрт хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн амьдрал, монгол ухаан, холч харааг ард түмэн, хойч ирээдүйд ойлгуулан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Монгол Улсын төр, нийгмийн түүхийг болон тухайн нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байсан эрхмүүдийн цадиг дээр тулгуурлан Монголын ХХ зууны түүхийг үнэн зөвөөр нь сонирхолтой, уншууртай бичлэгээр илэрхийлэн олон түмэнд хүргэн хойч үедээ өвлүүлэх зорилгоор “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх баримтат уран сайхны цуврал номыг эрхлэн гаргаж эхэлсэн билээ.
“Хүмүүн хорвоо” нийгэмлэгээс Баабарын “Хорлоогийн Чойбалсан” хоёр боть, Г.Дашрэнцэнгийн “Догсомын Бодоо”, Д.Баярхүүгийн “Жамбын Батмөнх”, С.Лочингийн “Дашдоржийн Нацагдорж”, “Цэндийн Дамдинсүрэн”, Ё.Отгонбаярын “Чин ван Ханддорж”, Г.Зандраабайдийн “Донровын Намдаг” зэрэг найман ботийг эрхлэн гаргаад байна.
Уншигч олны талархлыг хүлээж эрэл сурал болсон номуудыг гаргаж байгаа нь нэг талаасаа олон түмний оюуны хоолыг зэхэж өгч буй хэрэг нөгөө талаас уншигчийн хувьд хүн өөрийгөө дахин боловсруулах маш өргөн боломжийг нээж байдаг.
Уг цуврал цаашид Р.Чойном, П.Гэндэн, Б.Ширэндэв нарын түүхэн хүмүүсийн тухай номуудаар үргэлжилнэ. Мөн эдгээр номуудаараа бүрэн хэмжээний телевизийн нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгаа аж.
Өдгөө Ц.Дамдинсүрэн, Чин ван М.Ханддорж, Д.Бодоо, А.Амар, Жалханз хутагт Ц.Дамдинбазар, Х.Чойбалсан, Д.Нацагдорж, Ю.Цэдэнбал, Д.Сэнгээ, Г.Бадамдорж, Ж.Цэвээн, Д.Намдаг, Д.Дамба, Ж.Батмөнх зэрэг 15 цуврал бүтээлийг Непко хэвлэлийн газартай хамтран эрхлэн гаргаад байна.