Сонгинохайрхан дүүрэгт 920 хүүхдийн сургууль анхны сурагчдаа хүлээн авлаа
2021.09.01

Сонгинохайрхан дүүрэгт 920 хүүхдийн сургууль анхны сурагчдаа хүлээн авлаа

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 920 хүүхдийн суудалтай сургууль нээлтээ хийн хонхоо цохин, анхны сурагчдаа хүлээн авлаа.

Нарангийн энгэрийн хогийн цэгийн наад хэсгийн 30 айлын газрыг чөлөөлсөн хэсэгт уг сургууль баригдсан юм. Энэхүү сургууль ашиглалтанд орсноор ойролцоох 65-р сургуулийн хүүхдийн ачаалал буурах бөгөөд өглөө, өдрийн ээлжээр нийт 2400-н хүүхэд суралцаж, 89-н багш ажиллана.

Шинэ хичээлийн жилд нээлтээ хийж буй сургуулийн талаар Сонгинохайрхан дүүргээс Улсын Их хуралд сонгогдсон гишүүн Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрээр: “Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт маань нэгэн шинэ сургууль анхны хичээлийн жилийнхээ нээлтийг хийж байна. Хэдхэн жилийн өмнө 26-р хороо, Нарангийн энгэрийн хогийн цэгийн наад талын 30 орчим айлын газрыг чөлөөлж байсан газарт өнөөдөр 920 хүүхдийн суудалтай сургууль нээлтээ хийж байна.
Хүүхдүүдийн ирээдүйн төлөө газраа чөлөөлсөн айлуудад талархал илэрхийлье. Мөн тухайн айлуудыг нүүлгэхэд гар бие оролцсон дүүргийн тамгын газар, харьяа хэлтэс албадын алба хаагчид залуучууд та бүхэндээ мөн талархал илэрхийлье.
Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе” гэжээ.