Өршөөлийн хууль улс төрийн өнгө аястай ч иргэдэд боломж олгодог давуу талтай
Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-т Монгол улсын их хурал “өршөөл үзүүлэх шийдвэр гаргах” онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.
Ингэхдээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага болон ялаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, хуульд заасан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс болон эрүү, захиргааны хариуцлагаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх хэлбэрээр хэрэгжүүлж иржээ.
Эртний Грект төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлж байсан гэх түүхэн уламжлалаас amnestia энэрэх, өршөөх хэмээх үгнээс эх сурвалж гаралтай өршөөл нь өнөө цагт ч гэсэн дэлхий дахинд улс төрийн өнгө аястайгаар санаачлагдан хэрэгждэг.
Өршөөлийг ихэвчлэн эрүүгийн эрх зүйн, тэр тусмаа ялын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлдэг арга хэмжээ бөгөөд энэ нь гол төлөв эрх барих хүчин буюу Засгийн газар, төрийн тэргүүн, улс төрийн эрх мэдэлтний санаачилгаар өргөн мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх хэм хэмжээг хуульчлан баталж, хэрэгжүүлдэг.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулах Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ долдугаар сарын 2-нд баталсан.
Төр төмөр нүүрээ үзүүлдэг шигээ бас энэрэнгүй байх учиртай. Төрийн хуулиар шийтгэгдсэн хүмүүсийг эргээд ялаас нь хэлтрүүлэх нь Өршөөлийн хуулийн зорилго байдаг.
Өршөөлийн хууль нь улс орны эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой. Жишээлбэл, Moнгол Улсын төсвөөс 12 тэрбум төгрөг хоригдлуудын зардалд төсөвлөдөг. Нэг ялтанд өдрийн 10,650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг буюу жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас өгдөг байна. Өөрөөр хэлбэл Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлснээр Moнгол Улсын эдийн засагт маш их ач холбогдолтой гэдгийг томоохон хуульчид, улстөрчид онцолж байсан.
Энэ удаагийн Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан хүмүүсийг эрх чөлөөтэй болсны дараа нийгмийн анхаарлыг хэрхэн тавих вэ гэдэг дээр ихээхэн анхаарсан гэдгээрээ онцлог юм.
Өмнө батлан хэрэгжүүлсэн Өршөөлийн хуульд онц хүнд, хүнд гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүйгээр хаачихдаг байсан бол энэ удаад зүйлчлэлээр авч үзсэн. Тодруулбал, хөнгөн гэмт хэргүүдийг бүгдийг нь өршөөлд хамруулж, хүндэвтэр хэргийн 20 хувь нь суллагдаж мөн хүнд хэргийн 80 хувь нь дэглэм буурах, хүнд гэмт хэргүүдийн 0.5 хувь нь хүндэвтэр рүү орох зэргээр тусгажээ. Мөн Өршөөлийн хуулиар Зөрчлийн бүх хэргийг хаахаар боловсруулагдсан.
Энэ Өршөөлийн хуульд 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас өмнөх цагт хамаарах хэргүүд багтана. Мөн 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарна.
Инфографик:
Шууд суллагдах:
Эрэгтэй - 157
Эмэгтэй - 3
Нийт 160
Ялын хугацаанаас нь 2 жил хасагдах:
Эрэгтэй - 168
Эмэгтэй - 16
Өсвөр насны - 1
Нийт 184
Хоёр жил хасагдаж байгаа ч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх:
Эрэгтэй - 348
Эмэгтэй - 17
Нийт 365
Хорих ял нь хөнгөлөгдөж, цахим бугуйвч зүүн суллагдах:
Эрэгтэй - 1086
Эмэгтэй - 41
Өсвөр насны - 3
Нийт 1130
Цахим бугуйвч буюу зорчих эрхийг нь хязгаарлах:
Нийт 1130 хүнд цахим бугуйвч зүүлгэж суллана
Торгуулийн 50 хувийг тэглэж, жолоодох эрх нь сэргэх:
“Эрх хасагдсан” төлөвөөс “Хүчинтэй төлөв”-т шилжүүлсэн 40531 жолооч
Торгуулийг нь хассан 20611 жолооч
Торгох шийтгэл оногдуулсан нийт 53760 удаагийн торгуулийг бүрэн,
Нийт 2858575 удаагийн торгуулийг мэдээллийг санд сэргээсэн
10-аас доош оноотой 481.734 жолоочийн мэдээллийг ялгаж, оноог нь сэргээсэн.
Өршөөлд хамрагдахгүй кэйсүүд:
-
Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх,
-
үй олноор нь хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх,
-
татвар төлөхөөс зайлсхийх,
-
авлига албан тушаалын гэмт хэрэг,
-
цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Өршөөлд хамрагдахгүй хэрэг:
-
Хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг,
-
хүүхдийн эсрэг гэмт хэрэг,
-
эдийн засгийн эсрэг гэмт хэрэг,
-
галт зэвсэг хууль бусаар бэлтгэх,
-
мансууруулах эм,
-
сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхийн эдийг тариалах худалдаалах, хэрэглэх,
-
мөрийтэй тоглоом зохион байгуулах,
-
байгаль орчныг бохирдуулах,
-
соёлын биет өвийг хууль бусаар худалдаалах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй
"Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн
- 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1,897 ялтныг өршөөн хэлтрүүлж,
- 5 дугаар зүйлийн 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,
- 6 дугаар зүйлийн 6.1-6.3 дахь хэсэгт зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагдаж,
- 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1,061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж,
- 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх үзүүлэлтээр Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагджээ.