Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг  боллоо
2021.08.18

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий  ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжлийн үндэсний хороо зэрэг байгууллага буюу хуулийн төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг нэрнээс нь эхлээд зүйл заалт, үг өгүүлбэр бүрээр нь уншиж, санал бодлоо солилцон, шаардлагатай өөрчлөлтийн саналуудаа тэмдэглэн ярилцах зайлшгүй шаардлагатай. Үг буруу хэрэглэснээр, буруу үг сонгосноос үүдэн тухайн хууль батлагдсаны дараа тооцоолоогүй төрөл бүрийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй.

Тухайлбал, Нийтийн мэдээллийн гэдэг үгийг иргэд маань иргэдийн мэдээлэл авах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын утгатай хууль гэж ойлгох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ энэхүү хууль бол төрөөс иргэддээ үзүүлж буй мэдээллийн шинжтэй үйл ажиллагаа, иргэний мэдээллийг иргэнээсээ бус төр нь өөр хоорондоо солилцдог болох тухай хууль юм. Тиймээс энэ хуулийн төслүүдийн уншлагыг сайтар хийж тал талаас санал хүсэлтээ гарган тэмдэглүүлж, маш сайн хууль гаргахын төлөө хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг дэд хэсгийн гишүүддээ баярлалаа” хэмээв.