2021.05.20

Л.Энх-Амгалан: Хотын түгжрэлийн гол шалтгааны нэг нь хотын хүүхдүүдийн Боловсролын хүртээмж, чанарын асуудлаас үүдэлтэй

УИХ-ын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сайд гишүүн байхдаа ч, мөн салбар хариуцсан сайд болсноосоо хойш бүр түлхүү боловсролын тогтолцоон дахь асуудлуудыг тус тусад нь шийдэл, гарцтай нь ярьж өөрийн цахим хуудаснаа мэдээлсээр байгаа.

Тэрээр энэ удаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж байж бид чанарын тухай ярих боломж бүрдэнэ хэмээн онцолжээ.

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулна гэж тооцож байгаа бол үүний зарим хувийг боловсрол, эрүүл мэндийн салбараас үүдэн гардаг бэрхшээлийг шийдвэрлэхэд зориулах ёстой. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг бид 3 ээлжийг 2 ээлжинд механикаар шилжүүлсэн шүү. Энэ үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй.

Өнөөдөр нийслэлд 55-аас дээш хүүхэд нэг ангид сурдаг 30 сургууль, 23 цэцэрлэг байна. Энэ бол боловсролын чанар, хүртээмжид анхаарах шаардлагатай байгааг илтгэж байгаа тоон үзүүлэлт юм. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулснаар бид чанарын тухай ярих боломж бүрдэнэ.

Сургуульгүй, цэцэрлэггүй, цахилгаан гэрэлгүй, интернетгүй хүүхдийн асуудлыг эхэлж шийдэх ёстой. Гэр хорооллын болон Хотын төвийн сургуулийн боловсролын ялгаа өдөр ирэх тутам нэмэгдэж байна.
138.000 гэрэл цахилгаангүй өрхийн 40.000 хүүхэд хоцрогдолд орлоо.
Өглөө, оройд сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх, авах гэсэн эцэг эхийн машины урсгал түгжрэл үүсгэдэг үндсэн шалтгааны жагсаалтад багтжээ. Энэ нь хүрэлцээгүй байдалтай холбоотой юм. Нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 38 хороо сургуульгүй, 12 хороо цэцэрлэггүй байна. 2022-2025 онд 64 цэцэрлэг ,62 сургууль барих зайлшгүй шаардлага үүсээд байна.

Энэ 126 объектын 67 нь газартай. Энэ жилийн тухайд л гэхэд төлөвлөсөн төсөл арга хэмжээний 8 нь газаргүй байна.
Цэцэрлэгт хамрагдах ёстой 10 хүүхэд тутмын 2 нь гэртээ байна. Хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд:
1. Гэр хорооллын дунд 2-4 айлын газрыг худалдаж авах байдлаар цөөн хүүхэд хамрагдах бага сургууль, цэцэрлэг шинээр барих,
2. Ашиглалтад орсон болон шинээр барих орон сууцны хорооллын нэг давхарт бага сургууль, цэцэрлэг ажиллуулах боломж байна.

хэмээн Л.Энх-Амгалан сайд өөрийн цахим хуудаснаа онцолон мэдээлсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn