“21-р зуун-Монгол гэр бүл” сэдэвт цахим сургалт, уулзалт болно
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 9-р сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох шийдвэр гаргаж, түүнээс хойш ёсчлон тэмдэглэсээр иржээ. Харин Монгол Улсад энэ өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэх болсон юм.
Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Балжиннямын Баярсайхан сангаас Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 24 сумын иргэд, гэр бүлүүдэд зориулсан “21-р зуун-Монгол гэр бүл” сэдэвт онлайн сургалт, уулзалтыг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ZOOM-ээр зохион байгуулна.
Уулзалт-сургалтад шинжлэх ухааны доктор, профессор, гэр бүл судлаач Т.Намжил багш “Монгол гэр бүлийн уламжлал шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр, боловсролын удирдлагын докторант, багш, гэр бүл судлаач Ч.Амартунгалаг “Эцэг эх-хүүхэд-харилцаа” илтгэлүүд тавьж, сонирхсон асуултад хариулан, гэр бүлийн ганцаарчилсан зөвлөгөө өгнө.
Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед гэр бүлийн харилцаанд тодорхой өөрчлөлтүүд гарч байгааг анхаарч дэмжих зорилгоор энэ удаагийн уулзалт сургалтыг зохион байгуулж байгаа ба Балжиннямын Баярсайхан сангаас цаашид “Залуу аавууд”, “Залуу ээжүүд”, “Залуу гэр бүлүүд”, “Өсвөр насныхан”-д зориулсан уулзалт-сургалт, зөвлөгөө өгөх ажлуудыг цувралаар хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn