Япончууд амь үрэгдэгсдийн хойноос 16 мянган зул өргөлөө
Токио хотын үндэсний театрт гол үйл ажиллагаа болж, эзэн хаан Акихито, Ерөнхий сайд Ёсихико Нода нар үг хэлэв.- Бүтэн жил өнгөрсөн ч ихэнх хүмүүсийн хувьд цаг хугацаа зогсчээ.
Жилийн өмнө болсон аймшигт газар хөдлөлт, цунамид өртөн амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол Японд боллоо. Энэ эмгэнэлт явдалд өртөөгүй гэр бүл гэж Японд бараг байхгүй тул улс даяар зул өргөн, дуугаа хураан эмгэнэл илэрхийлэв.
Газар хөдлөлт, 40 метр өндөр цунамийн улмаас Хонсю арлын хэдэн арван , хот газрын хөрснөөс арчигдаж, «Фукушима 1» атомын цахилгаан станцад осол гарсан билээ. Аймшигт гамшгийн үеэр 16 мянга орчим хүн амь үрэгдэж, 3167 иргэн сураггүй болжээ. Японы эрх баригчид удахгүй тэднийг нас барсан хэмээн хүлээн зөвшөөрөх бололтой.
Токио хотын үндэсний театрт гол үйл ажиллагаа болж, эзэн хаан Акихито, Ерөнхий сайд Ёсихико Нода нар үг хэлэв. Мөн энэ өдөр Мияги мужийн яаралтай мэдээ дамжуулах станц дахин ажиллаж эхэллээ. Цунамид өртөж сүйрсэн тэрхүү станцын ихэнх оператор 11-ний өдөр ажлын байран дээрээ эцсээ хүртэл ажиллаж, микрофоноо барьсаар амиа тавьсан аж. Тэд эцсийн мөч хүртэл мэдээ, сэрэмжлүүлэг дамжуулан, олон зуун хүний амийг аварсан юм. Сураггүй алга болсон Мики Эндогийн нэгэн бичлэгт «Цунами болох аюул нүүрлэлээ. Бүгд орон гэрээ яаралтай орхиж, өндөрлөг газарт гараарай» хэмээжээ. Энэ бол Мики бүсгүйн дамжуулсан сүүлчийн мэдээ. Эмгэнэлийн ёслол Фукушима мужид эхэлсэн байна. Үдшийн бүрэнхийд лаа асаасан япончууд «Гуравдугаар сарын 11. Бид залбирч байна» гэсэн бичиг үүсгэн жагсчээ. Румико Мизуно «Цацраг идэвхт бодисын бохирдлыг арилгаасай гэж би хүсдэг. Фукушимаг хүмүүс цацраг идэвхт бодист хордсон газар гэж үзэхээ болиосой. Бид энд амьдардаг, энд л бүх насаа өнгөрөөсөн. Хүмүүс биднийг хараад муу юм бүү бодоосой гэж хүсдэг» хэмээжээ.
Бүтэн жил өнгөрсөн ч ихэнх хүмүүсийн хувьд цаг хугацаа зогсчээ. Талийгаач Яшуко Томитагийн гэргий «Тэр өдрөөс хойш би сар бүрийн 11-ний өдөр нөхрийнхөө шарил дээр ирдэг. Тэр намайг үргэлж харж хандан, манай гэр бүлийг хамгаалж байгааг би мэдэрч байна» гэж ярилаа. «Ном уншсан ч, зурагт үзсэн ч аав маань нүдний өмнө харагддаг. Аавыгаа алга болсон энэ газраар явах нь надад маш хүнд байна» хэмээн Кой Мориситагийн хүү өгүүлэв.